Нийтийн тээврийн шинэ хэрэгсэл наадмын үеэр иргэдэд үйлчлэхээр боллоо
Нийслэлийн Тээврийн газраас энэ онд 100 гаруй хүний суудалтай 20 ширхэг угсраа автобус оруулж ирэхээр болсон. Харин түрүүч нь хэдийнээ Нийслэлд ирсэн бөгөөд үйлчилгээнд гарах өдрөө хүлээж байна. Эхний ээлжинд 18,75 метр урттай, 163 хүний багтаамжтай 20 ширхэг угсраа автобусыг авч ирээд байгаа аж. Уг автобус нь 400 сая төгрөгийн үнэтэй бөгөөд Монголын эрс тэс уур амьсгалд тохиромжтой, тэргэнцэртэй иргэд тэрэгтэйгээ байх бэхэлгээтэй хэсэгтэй гэх мэтээр манай стандартад нийцүүлсэнээс гадна евро-3 хөдөлгүүртэй аж. Шинэ тээврийн хэрэгслийн жолооч нарт түлхүүрийг нь өнгөрсөн баасан гарагт гардуулж өгөөд байгаа билээ.
Нийтийн тээврийн шинэ хэрэгсэл маань наадмын үеэр Энхтайваны өргөн чөлөө буюу 5 шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гаргах юм.
Угсраа автобусыг үйлчилгээнд гаргахтай холбогдуулан 5 шараас Офицеруудын аюулгүйн тойрох хүртэл эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх замын автобусны буудлуудын кармаг битүүлэх, 1-р эгнээг тусгаарлах, хучилтын эвдрэлийг засах ажлууд хийгдэж байгаа аж.
Тухайлбал Энхтайваны өргөн чөлөөнд автобус зорчдог нэгдүгээр эгнээ эвдрэл гэмтэл ихтэй, худгийн тагнууд суусан байна. Энэ бүхнийг шинэлэг тээврийн хэрэгсэлдээ зориулан засаж янзлах, мөн нэгдүгээр эгнээг бүхэлд нь цацруулагчтай тэмдэглэгээтэй болгох зэрэг ажил үргэлжилж байна.
Эдгээр засварын ажил хараахан дуусаагүй тул ирэх сарын 1-ээс үйлчилгээнд гарахаар төлөвлөгдөөд байсан угсраа автобус наймдугаар сарын 15-аас үйлчилгээнд гарах юм байна. Гэхдээ наадмын үеэр буюу долдугаар сарын 5-наас зам засварын ажил түр зогсоно. Тиймээс энэ үеэр иргэддээ зориулаад угсраа автобусыг Энхтайваны өргөн чөлөөгөөр явуулахаар болсон байна. Зогсоолын хувьд Энхтайваны өргөн чөлөөний эцсийн хоёр талын буудлыг засаад янзалчихсан байгаа аж.
Ирэх сараас нийтийн тээвэрт хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд смарт картаар иргэд үйлчлүүлдэг болох юм. Одоогоор 300 орчим смарт картны тоног төхөөрөмжийг автобуснуудад суурилуулаад байгаа аж. Наадмын өмнө тоног, төхөөрөмжөө суурилуулаад дуусчих бөгөөд долдугаар сарын 22-ноос иргэд автобусанд мөнгө төлж биш, картаа уншуулж үйлчлүүлэх юм.
Шинээр орж ирж буй угсраа автобусаар үйлчлүүлэхдээ иргэд 500 төгрөгөө төлж зорчих бөгөөд смарт карт хэрэгжээд эхлэхээр картаараа үйлчлүүлэх юм байна. Мөн энэхүү автобус нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бууж, суух нөхцөлийг хангасан байна.
2014 оны есдүгээр сард байгуулагдсан "Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан"-д паркийн шинэчлэл хийх 20 тэрбум төгрөгийг улсын төсвөөс төвлөрүүлсэн билээ.Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Тээврийн газраас их, дунд багтаамжтай болон угсраа автобус оруулж ирэх гурван багц тендер зарлаад байсан юм. Ингээд 2015 онд нийт 70 ширхэг, цоо шинэ автобус үйлчилгээнд нэвтрүүлнэ хэмээн албаныхан хэлж байгаа.