Хөрөнгийн биржийг хувьчлалын жагсаалтаас хасав
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн баасан гаригт захирамж гаргаж хаврын ээлжит чуулганы хугацааг ирэх сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар боллоо. Мөн энэ өдрийн чуулганы хуралдаанаар Төрийн өмчийг 2015- 2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөдөө аж ахуйн бирж, Хөрөнгийн бирж, “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийг хувьчлах асуудлыг нухацтай хэлэлцэж байж шийдэх, ажиллагсдад нь төрийн эзэмшлийн хувьцаанаас үнэ төлбөргүй эзэмшүүлэх асуудлыг эргэн харах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Ингээд Тариалан эрхлэлтийг дэмжих санг элеватораас бусад тариалан болон гурилын үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийн дундын өмчлөлтэй компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулж, хувьцааг нь тэдгээрт тэнцүү хэмжээгээр хувь эзэмшүүлэн, өөрсдийн эзэмщлийн хувьцааг бусдад худалдахгүй байх нөхцөлтэйгөөр хөрөнгийг дахин үнэлж хувьчлах гэсэн хэсгийг хаслаа.
Мөн Хөдөө аж ахуйн биржийг түүний технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай байгаа хөрөнгийн санхүүжилтэд хамтарч ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагч этгээдэд оруулсан хөрөнгөд нь тохируулан нэмэлт хувьцаа гарган эзэмшүүлэхээс гадна ажиллагсдад нь төрийн эзэмшлийн хувьцаанаас таван хувийг эзэмшүүлэн төрийн эзэмшил 34 хувь байх хэмжээнд хувьчлах гэсэн хэсгийг хасах саналыг гишүүд дэмжсэнгүй. Ингэхдээ ажиллагсдад төрийн эзэмшлийн хувьцаанаас эзэмшүүлэх асуудлыг дахин авч үзэхээр шийдсэн юм. Түүнчлэн “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанийг цаашид энэ чиглэлээр нь дагнасан үйлчилгээ эрхлэх зарчмыг хадгалан дахин үнэлгээ хийж төрийн эзэмшлийн хувийг нээлтгэй дуудлага худаддаагаар хувьчлах гэсэн хэсгийг хасах гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжээгүй юм. Харин Монголын хөрөнгийн биржийг хувьчлалын жагсаалтаас хасахыг олрн гишүүн дэмжлээ.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тагнуулын байгууллагын тухай хуулийг өөрчлөх асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ. Гишүүн Х.Тэмүүжин нарын нэр бүхий 11 гишүүний санаачилсан Галт зэвсгийн тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Уг хуулийн төсөлд гадаадын иргэн, харьяалалгүй этгээдэд галт зэвсэг өмчлөх, ашиглахыг хориглох, улсын хэмжээнд галт зэвсэг, сумыг нийтэд худалдах төв нь нийслэлд нэг байх, салбар байгуулах, тус төвийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавьж байхаар тусгажээ. Мөн иргэний болон харуул хамгаалалтын галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтыг цагдаагийн төв байгууллагын дарга, хууль сахиулагчийн галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цэргийн зориулалтай галт зэвсэг, сумны жагсаалтыг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталдаг байхаар төсөлд тусгажээ.
Дэлхийн нэрт уран барималч, ОХУ-ын Урчуудын холбооны гишүүн, ОХУ-ын иргэн Даш Намдаковын “Чингис хаан” уран бүтээлийг Англиас авчирч байгаа аж. Дэлхийд ганцхан энэ хосгүй бүтээлийг 2012 оны Лондоны зуны Олимпын наадмаар байршуулсан байсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудаас худалдан авах санал гаргаж байжээ.
Дахин давтагдашгүй, соёлын энэ үнэт бүтээлийг өөр улс оронд бус зөвхөн Монголд байх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр гурван сая еврогийн үнэтэй Эзэн богд Чингис хааны энэхүү хөшөө, баримлыг эх орондоо авч ирэх, Монголын ард түмний хүртээл болгохын тулд уг бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн дэмжлээ.
М.Ган