“Чингис хаан” гранпри тэмцээнийг 180 гаруй орон шууд дамжуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Чингис хаан” гранпри тэмцээн энэ баасан гарагт эхэлнэ. Олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд 50 гаруй орны шилдэг жүдочид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм. 

Олимп, дэлхийн медальтнуудаас гадна олимпийн эрхийн чансаа өндөр шинэ залуу тамирчид барилдана. Ази, Европ, Америк тивийн хүчтэй багуудаас гадна Африк, Сенегал, Гана, Мозамбек улсын жүдочид ирэхээр мэдүүлгээ ирүүлжээ.

Зохион байгуулагч орны хувьд давуу эрх эдэлж Монголын 56 жүдоч зодоглох юм. Энэ нь манай жүдочид РИО-2016 олимпийн наадамд оролцох боломжоо олж авахад ихээхэн тус  болно. Тиймээс  зохион байгуулагчдын зүгээс ард иргэдийгээ “Буянт-Ухаа” ордонд ирж тамирчдаа дэмжихийг уриалаад байгаа. 

Олон улсын жүдо бөхийн холбооноос “Чингис хаан” гранпри тэмцээнд 15 шүүгч томилсон бөгөөд манай улсаас олон улсын “А” зэрэглэлийн шүүгч Г.Нямцог шүүгчээр ажиллах юм байна. 

Дашрамд дуулгахад  “Чингис хаан” гранпри тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн 180 гаруй оронд шууд дамжуулан хүргэх бөгөөд IJF-ээс томилогдсон телевизийн баг Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button