Юу ч гэж ойлгомоор юм бэ дээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд Их хаанаа хүндэтгэн залах ёслол гэгч өчигдөр болов. Үндэсний их баяр наадмын нээлтээс илүү сүртэй юм боллоо. Хумүүсийнх нь өмссөн хувцаснаас авахуулаад бөөн сүр. Энэхүү ёслолыг Мөнх тэнгэрийн оньс хэмээх И.Мөнхсаруул гэгч эмэгтэй зохион байгуулж байгаа юм билээ. Их хаан буулгах гээд байгаа тэр ёслолыг телевизүүд төлбөртэй шууд дамжуулаад л. Төв цэнгэлдэхээр дүүрэн хүн цуглаад жигтэйхэн. Арай л бөх барилдуулсангүй. Сүүлийн жилүүдэд мөнх тэнгэр гэж ярих хүн олширсон. Тэр дундаа Чингис хааны элч, хойч үе, алтан ургийнхны сүнстэй харилцдаг гэх мэтээр өөрсдийгөө өргөмжлөх хүмүүс олон болсон.

 

Тэр болгоныг нэрлээд яахав. Хошин шогийнхон “Мөрөөдиийн баг” гэж нэрлээд, шоглоод байна. Үнэндээ шоглохгүй байх чарга алга. Ярьж, хэлж байгаа нь галзуу, солиотой юм шиг л сонсогдоод байгаа шүү дээ. Өнөөдрийн энэ нийгэмд, хүмүүсийн оюун санааны төвшин өөр болсон. Хэр баргийн зүйлд итгэхээргүй болчихсон гэсэн үг. Тиймдээ ч энэ мэт юм ярьж гарч ирж байгаа хүмүүсийг солиотой гэдгээс өөрөөр харах арга үнэндээ алга. Яг л хүнд баттай итгүүлэхээр л үйлдэл хийхгүй л бол шүү дээ. Харин мөнх тэнгэртэй харилцаж байгаа гэх энэ  хүмүүс иргэд одоохондоо ойлгохгүй, оюун санаа нь хөгжөөгүй байна гэх мэтээр яриад байгаа.

 

Нөгөө талаар зарим хүмүүсийн оюун санаа хөгжөөд, мөнх тэнгэртэй харилцаж байгаа хүмүүсийн чадал чадварыг мэдээд, мэдрээд, дагалдаад байгаа юм байх. Өчигдөр төв цэнгэлдэхэд дүүрэн шахам сүсэгтэн олон очсон байсан. Тэгээд бүгдээрээ л оюун санаа нь илтэд хөгжсөн, мөнх тэнгэртэй харилцаж байгаа тэр хүний эрчим энергийг мэдрээд байгаа юм байлгүй дээ. Бүгд л гараа дэлгэн сүсэглээд, бөөн сүр. Гэхдээ энэ үйлдлийг үнэндээ юу гэж ойлгохоо ч мэдэхгүй байна. Нэг талаараа манай иргэд ядуу байна, хөөрхийс. Бүгдээрээ л Чингис хаан залрахыг мэдээд мэдрээд очсон байна гэж байхгүй байх. Тийм болохоор тодорхой мөнгө санхүүтэй холбоотой ч биз. Дээрээс нь мухар сүсэгт автдаг хүмүүс ч олон байдаг.

 

Сэтгэлгээний доройтол гээд хэлчихэд нэг их буруудахгүй дээ. Нэг хүн мөнгө даллах ёслол хийнэ гээд, өөрсдөөс нь төлбөр аваад, баахан хэрэгтэй, хэрэггүй юм хийж байхад манайхан сүсэглээд л сууж байдаг.

 

Тэглээ гээд баяжчихсан хэн байгаа юм. Үнэхээр тэр хүн мөнгө дуудаж, даллаж чаддаг байсан бол яасан гэж “Улаанбатар палас”-т төлбөртэй ёслол хийж байх юм. Өөрөө даллаад, дуудаад олоод авчихна биз дээ. Дээрээс нь тэр ёслолд нь очиж, түрүүвчээрээ мөнгө даллаад баяжчихсан хүн хэн байна. Гэх мэтээр яриад байвал манайхны мухар сүсэг хэрээс хэтэрч, олон хүний олз болж байгаа нь харагдаж байгаа юм. Өчигдөр их хаанаа зална гээд баахан шүлэг уншлаа байна, тэр хүн. Цахим хуудсаар дүүрэн онигоо.

 

Бүтэн цаг шүлэг уншиж, дээд амжилт тогтоолоо энэ тэр гээд л бичиж байна. Үнэндээ бол энэ мэт өнцгөөс л харагдаж байна шүү дээ. Тэгээд нөгөө их хаан нь хаана заларчихав. Үнэхээр үнэн болоод, заларсан бол мэдрэгдэх л ёстой. Ийм л сонирхолтой ч гэхэд хэцүү солиотой ч гэхэд хэцүүхэн зүйл болоод байна. Ядаж байхад манай иргэд бөөн бөөнөөрөө очоод, сүсэглээд байгаа нь өрөвдмөөр ч юм шиг, үгүй ч юм шиг. Хүрлээгийн эргэлзээ гэдэг шиг л юм болоод байгаа юм. Энэ бүхнийг иргэдийн амьдрал, сэтгэхүй хоёр ядуу байна даа гэж тодорхойлохоос өөр хэлэх үг үнэндээ алга.

 

Монголын мэдээ

О.Уянга

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button