Монгол, Хонгконг Азийн АШТ-д оролцохын төлөө өрсөлдөнө
Ирэх есдүгээр сарын 23-аас аравдугаар сарын 3-ны хооронд БНХАУ-д болох сагсан бөмбөгийн Азийн АШТ-д Монгол улсын үндэсний шигшээ баг анх удаа оролцох боломжтой юм.
Тодруулбал Энэ жилийн Азийн АШТ-ийг зохион байгуулах учиртай байсан Япон улс тэмцээнийг зохион байгуулах, оролцох эрхээ хасуулсанаар Азийн АШТ-д Зүүн Азийн төлөөлж хамгийн чансаа өндөртэй байгаа хоёр баг хоорондоо тоглон аль хожсон нь тэмцээний “В” хэсэгт орж тоглох эрхтэй болох юм. Харин энэ тоглолтод Монголын шигшээ баг Хонгконгын багийн эсрэг тоглохоор болсон.
Тэмцээний “В” хэсэгт Филиппин, Кувейт, Палестинын багууд байгаа бөгөөд хэрэв манай шигшээ багийнхан Хонгконгийн багийг хожиж чадвал харьцангуй сул хэсэгт орох юм. Манай шигшээ багийн хувьд Инчоны наадамд амжилттай оролцож шилдэг найман багийн нэгээр шалгарсан нь ийнхүү өндөр чансаатай багаар нэрлэгдэхэд хүргэлээ.