Бразилчууд анх удаа ДАШТ-д түрүүлэв

1958 оны энэ өдөр дэлхийн таван удаагийн аварга Бразилчууд анх удаа Дэлхийн аваргын цомыг хүртжээ. Шведэд болсон тус тэмцээн дэлхийн спортын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Үүнээс хойш Бразилын хөлбөмбөг эрчимтэй хөгжиж 1962, 1970, 1994, 2002 онуудад дахин аваргалсан юм.

 

Тэд 1958 онд Европт, 1962 онд Өмнөд Америкт, 1970 онд Хойд Америкт, 2002 онд Ази тивд буюу дэлхийн таван тивд аваргалсан домогт баг. Мөн тивийнхээ хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Америкийн цомд найман удаа ялалт байгуулж, энэ үзүүлэлтээрээ Уругвай, Аргентиний дараа жагсдаг аж. Бразилийн хөлбөмбөгийн оргил үе 1950-1970-аад он байв.

 

Энэ үед Пеле, Гарринча, Загалло нараар удирдуулсан шигшээ баг 12 жилийн хугацаанд ДАШТ-д гурвантаа төрийн дууллаа эгшиглүүлсэн түүхтэй. Шведэд зохиогдсон 1958 оны ДАШТ-д 17 настай анх зодоглосон Пеле 1970 онд дэлхийн гурван удаагийн аваргын цорын ганц хөлбөмбөгчин болж алдаршсан бол Бразилийн шигшээ баг дэлхийн аваргын Жюль Римегийн цомыг үүрд хадгалах эрхтэй болжээ. Энэ үед тус багийг “Селесао” буюу “Сонгогдмолууд” гэж алдаршуулж, 2002 онд тав дахиа түрүүлснийх нь дараа “Пентакампеонууд” хэмээх болжээ.

 

Мөн энэ өдөр түүхэнд болсон зарим үйл явдлыг дурдвал 1916 оны энэ өдөр Боинг компанийн онгоц анхны нислэгээ үйлджээ. Мөн 1949 оны энэ өдөр Өмнөд Африкт хар арьстныг цагаан арьстантай гэрлэхийг хориглож, 2000 оны зургаадугаар сарын 29-нд Монголд Улаанбаатар-Дархан-Алтанбулагийн чиглэлд анхны засмал зам ашиглалтад орсон түүхтэй.

Зууны мэдээ

Ч.Гантулга

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button