Бээжин ялалтын баярыг нижгэр тэмдэглэнэ

БНХАУ-ын удирдагч Си Жиньпин Японы дарлалаас чөлөөлөгдөж, Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Тянь Аньмэний талбайд ирэх есдүгээр сарын 3-ны өдөр сүрлэг жагсаал зохион байгуулахаар шийджээ. Энэхүү жагсаалдаа тэрбээр гадаадын олон орны цэргийн удирдагчдыг урьсан байна. Мөн энэ үеэр зэвсэглэлдээ шинээр нэвтрүүлсэн зэр зэвсгээ анх удаа олон нийтэд дэлгэж сонирхуулах ажээ. Япон есдүгээр сарын 2-ны өдөр бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан ч маргааш нь албан ёсны баярын өдөр болгосон юм.

 

Дэлхийн хоёрдугаар дайныг албан ёсны эх сурвалжуудад 1939 оны есдүгээр сарын 1-нд эхэлсэн хэмээн тэмдэглэдэг ч угшил нь Хятадаас эхтэй. 1931 онд Японы милитаристууд Манжуурыг эзэлж, Манж Го хэмээх тоглоомын улс байгуулж, улмаар 1937 онд Хятад-Японы дайн эхэлсэн түүхтэй. Японд эзлэгдсэн Хятадын ард түмэн маш их зовлон зүдгүүрийг амсч, олон сая хүний амь нас үрэгдсэн байдаг. Энэхүү ойг ёсчлон тэмдэглэснээрээ БНХАУ фашизмын эсрэг тэмцэлд өөрийн хувь нэмрээ оруулсан гэдгийг дэлхий дахинд зарлан тунхаглах боломжтой болох юм хэмээн албаны эх сурвалжаас мэдээлсэн байна. Учир нь дэлхийн хоёрдугаар дайнд оруулсан БНХАУ-ын хувь нэмрийг ойшоодоггүй юм.

 

Жагсаалд дэлхийн улс орнуудын цэргийн удирдагчдыг урьсан гэдгийг эх сурвалж баталсан ч хэдэн улсыг урьсан, Японыг урьсан эсэх, тэд татгалзсан уу, зөвшөөрсөн үү гэх зэрэг асуултуудад хариулахаас татгалзсан байна. Хятадыг чөлөөлөх дайнд ЗХУ-аас гадна Монголын арми оролцож байсан түүхтэй. Тиймээс дээрх ойд Монгол, ОХУ-ын зэвсэгт хүчин чухал зочноор оролцох нь мэдээж юм.

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button