Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар өргөтгөсөн хэлэлцээ хийв
Төрийн тэргүүдийн ганцаарчилсан уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ордны Б танхимд өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.
Өргөтгөсөн хэлэлцээнд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Эрчим хүчний сайд Р.Жигжид, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Мьянмарын бүлгийн дарга Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нарын зэрэг албаны хүмүүс, Мьянмарын Холбооны Улсын талаас Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин, Мэдээллийн сайд Е Хтуг, Уул уурхайн сайд Минт Аунг, Үндэсний төлөвлөлт, эдийн засгийн хөгжлийн сайд Кан Зау, Зочид буудал, аялал жуулчлалын сайд Хтау Аунг нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Өргөтгөсөн хэлэлцээний үеэр хоёр тал худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, соёл, эдийн засаг зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв.
Мөн Монгол, Мьянмар нь байгалийн арвин нөөц баялагтай орнууд тул уул уурхайн салбарт байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар туршлага солилцох, геологийн хайгуулын чиглэлээр мэргэжилтэн солилцох, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хүрээнд хамтран ажиллах зэрэг боломжийг эрэлхийлэн ажиллахаар тохиролцов.
Аялал жуулчлал, худалдаа, соёл, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр тал хөгжүүлэх боломжтойг талууд тэмдэглэж байлаа.
President.mn