Долдугаар сарын 15-нд аналоги системийг унтраана
Монгол Улс даяар телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг ирэх долдугаар сарын 15-наас аравдугаар сарын 5-ны хооронд унтрааж, тоон системд шилжих шийдвэр гараад байна. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 15-наас эхэлж аналоги системийн дахин дамжуулах станцуудыг унтрааж эхэлнэ.
Үүнтэй холбоотойгоор зохицуулалтын хүрээнд болон үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хийгдэх ажлууд нэлээд байгааг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос мэдэгдэж байна. Мөн энэхүү шилжилт нь дэвшилтэт технологийн 4G сүлжээг нэвтрүүлэхээр хийгдэж байгаа ажлуудын нэг хэсэг аж. Тоон системд тохирох буюу DVB-T2 стандартын сет-топ боксыг борлуулах албан ёсны эрхийг найман аж ахуйн нэгжид олгосон. Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэ онд явуулсан судалгаанаас харахад, Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 87 аж ахуйн нэгж, хувь хүн байгаагаас 67 нь орон нутагт, 21 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна.
Харин компаниудын хөрөнгө оруулалт болон орлогын бүтцийг задалбал үйлчилгээ эрхлэгчид шинээр нэвтэрч буй технологийн тоног төхөөрөмжид хамгийн их зардал гаргадаг байна. Харин орлогынхоо дийлэнх хувийг зар сурталчилгаанаас бүрдүүлдэг ажээ.
Аналоги системийг унтраах хуваарийн хувьд Улаанбаатар хотод есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 05, Төв, Өмнөговь аймагт долдугаар сарын 15-25, Баян-Өлгий, Хөвсгөлд есдүгээр сарын 05-наас аравдугаар сарын 05, Сэлэнгэ аймагт наймдугаар сарын 05-25-ны хооронд системийг унтраах юм байна. Дашрамд дуулгахад, тоон технологид шилжих ажилд аналоги антень буюу зурагтын антенаар агаарын зургаан суваг үзэж байгаа иргэд идэвхитэй хамрагдах ёстой.
Монголы мэдээ