Ял шийтгүүлсэн хүмүүсийн 49.5 хувь нь 18-29 насныхан байна
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /06.29/ боллоо. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар шүүн таслах ажиллагааны тайлан, сүүлийн гурван жилийн байдлаар Эрүүгийн хэргийн нөхцөл байдал ямар байгаа сэдвээр мэдээлэл өглөө.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд анхан шатны шүүхээр хянал шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 3.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 1.4 хувиар, захиргааны зөрчил 12.9 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн шүүхээс хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнцэн сулласан хүний тоо 8.2 хувиар өсжээ.
Хүнийг санаатай алах, бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэсэн долоо гэмт хэрэг нь сүүлийн гурван жилийн дунджаар хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 59 хувийг эзэлж байгаа аж.
Түүнчлэн сүүлийн гурван жилийн байдлаар ял шийтгүүлсэн хүмүүсийн хоёр хувийг 14-15 насны, 4.4 хувийг 16-17 насны, 49.5 хувийг 18-29 насны, 17.2 хувийг 30-34 насны, 26.3 хувийг 35-аас дээш насны хүмүүс эзэлж байна.
Эндээс харахад 18-29 насны буюу нийгмийн идэвхтэй залуучуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд анхаарлаа хандуулах шаардлагатай болж байгааг анзаарч болно.
Ял шийтгүүлж байгаа хүмүүсийг боловсролын түвшнээр нь авч үзвэл сүүлийн гурван жилийн дунджаар ял шийтгүүлсэн хүмүүсийн 12.2 хувь нь дээд, 3.7 хувь нь тусгай дунд, 46.8 хувь нь бүрэн дунд, 17.2 хувь нь суурь, 0.08 хувь нь техникийн болон мэргэжлийн анхан шатны, 12.9 хувь нь бага боловсролтой, 7.2 хувь нь боловсролгүй хүмүүс эзэлж байна.
Эрсэлсэн ажилгүй хүмүүс ял шийтгүүлсэн хүмүүсийн 62.7 хувийг эзэлдэг гэсэн мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өглөө.