Баяр наадмыг 15 телевиз шууд дамжуулна
Үндэсний их баяр наадмыг энэ жил өргөн нэвтрүүлгийн 15 телевиз шууд дамжуулахаар боллоо. Монголын телевизүүдийн холбоо, телевизийн удирдлагууд хуралдаж энэхүү шийдвэрийг гарган Үндэсний баяр наадмын комисст мэдэгдсэн байна.
Тус 15 телевиз Үндэсний их баяр наадмаа өндөр технологиор мэргэжлийн түвшинд, тив дэлхийн олимпийн наадмын хэмжээнд шууд дамжуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна.
Сүүлийн жилүүдэд арилжааны ТВ-үүд олширч, тэр ч хэрээрээ шууд дамжуулалтын үеэр зарим тохиолдолд үзэгчдээсээ илүү уран бүтээлчид газар дээр нь ажиллах болсон. Энэ нь үзэгчдэд наадмыг газар дээрээс нь үзэх нөхцөлд саад учруулж байгаа нь нууц биш ээ. Энэ байдлыг цэгцлэх, телевизүүд нэг баг болж ажиллах нь хаана хаанаа ашигтай байгааг хурлын үеэр хэлж байлаа.
Мөн реклам сурталчилгаа нэгдсэн журмаар үзэгчдэд хүрэх юм. Шууд нэвтрүүлгийн тайлбарлагч нарыг салбар бүрийнх нь холбооноос шалгаруулан шилдгийн шилдгүүдээр бөхийн барилдаан, хурдан морь, сур, шагайн харвааг тайлбарлуулах юм байна. Харин наадмыг сурвалжлах мэдээний багаа телевизүүд тус тусдаа гаргаж, өөрсдийн өнгө аясыг харуулах аж.
olloo.mn