Мьянмарын Ерөнхийлөгч У Тейн Сейний Төрийн айлчлал өндөрлөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад энэ 6 дугаар сарын 28-30-нд төрийн айлчлал хийсэн  Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейний айлчлал өнөөдөр өндөрлөж эх орондоо буцав.

Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, Гадаад хэргийн яамны Ази,Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Н.Наранбат,  Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тит Лин Он нар үдэж мордууллаа.

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейний төрийн айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүд ганцаарчилсан уулзалт хийсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар өргөтгөсөн хэлэлцээ хийж,  энэ үеэр хоёр тал худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, соёл, эдийн засаг зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Мөн Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын нийслэл Нэйбидо хотын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.

Айлчлалын дүнгээр Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Хамтарсан мэдэгдэл гаргасан юм.  Энэхүү айлчлал нь 1956 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмарын Төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтой байв.

Айлчлалын үеэр Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхсан юм. 

President.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button