Грек маягийн “шок”
Грекчүүдийн хувьд, өнгөрөгч амралтын өдрүүд хувь заяаны эргэлтийн цэг болох шиг боллоо. Одоо тус улсын хувь заяа зээлдүүлэгчид, эрх баригчдын бус, харин ард түмний гарт байна. Европын холбоо өнгөрсөн баасан гарагт Брюссель хотноо Грекийн оролцоогүй хуралдаад тус улсыг Европын холбооноос гарах боломжтой гэсэн шийдвэр гаргажээ. Энэ нь далд утгаараа “Дахиж санхүүжилт олгохгүй” гэсэн үг. Цаашлаад эхлээд зээлсэн мөнгөө эргүүлэн төлнө гэсэн үг. Хамгийн түрүүнд ОУВС-гаас зээлсэн 1.6 тэрбум еврог эргүүлж төлөх ёстой.
Грек-ОУВС-гийн хооронд байгуулсан зээлийн гэрээ хэдхэн хоногийн дараа /өнөөдөр/ дуусах байсан учраас Грекийн Парламент яаралтай хуралдаж, Евробүсээс гарах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулгыг товлохоос өөр аргагүй болсон юм. Бямба гарагийн өдөр Европын холбооны сангийн сайд нар хуралдаад Грект нэмэлт тусламж олгохоос татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Мөн өдрийн орой Грекийн Парламентаас санал асуулгыг ирэх сарын 5-ны өдөр явуулах тов гаргасан юм.
Дараа нь Ерөнхий сайд Алексис Ципрас мэдэгдэл хийж, санал асуулга товлогдсонтой холбогдуулан банкуудын мөнгөн гүйлгээг хааж байгаагаа зарласан юм. Түүнийг ийм шийдвэр гаргахаас өмнө иргэд аль хэдийнэ банкнаас мөнгөө татаад эхэлчихсэн байсан бөгөөд амралтын өдрүүдээр АТМ-аас мөнгөө авсаар байсан. Учир нь, банк хаасан чигээрээ байсаар еврогоос драхмад шилжинэ гэсэн айдас иргэдэд байсан юм. Тиймээс А.Ципрасыг мэдэгдэл хийсний дараа иргэд Афины АТМ-үүдийг хоосолж орхисон. Ерөнхий сайд мэдэгдэлдээ “Банкны гүйлгээг санал асуулгын дүн гартал л хойшлуулна. Ойрын үед тайван, хүлээцтэй байх нь чухал. Грекийн банкууд дахь иргэдийн хадгаламж бүрэн хамгаалагдсан.
Цалин, тэтгэврийг саадгүй олгоно. Аливаа хүндрэлд тайван хандах хэрэгтэй” гэсэн тайлбар зүүсэн ч иргэд бухимдсан хэвээр байна. Учир нь, санал асуулгын дүн Евро бүсэд үлдэнэ гэж гарсан ч санхүүжүүлэгчдийн зүгээс нааштай хандана гэсэн итгэл үгүй байгаа юм. Европын төв банк ням гарагт мэдэгдэл хийж, Грект нэмэлт санхүүжилт олгох, өр төлөх хугацааг хойшлуулах боломжгүй гэдгээ баталсан. Өчигдөр Грекийн нэг ч банк онгойсонгүй. Хөрөнгийн бирж ч хаажээ. Грект чөлөөтэй мөнгөн гүйлгээ хийж чадаж байгаа хүмүүс нь гадны жуулчид л байна. Нутгийн иргэд амьжиргаандаа зориулан өдөрт 60 евро авч амьдралаа залгуулж байгаа юм.
Ерөнхий сайд А.Ципрас хөтөлбөрийг багахан хэмжээгээр сунгаж өгөх хүсэлтийг ЕТБ-наас хүсээд ам руугаа алгадуулжээ. Түүнийгээ ч ард түмнээсээ нуулгүй хэлж, “Европын төв банк бидний хүсэлтийг стандарт бус гэж үзэж хүлээж авсангүй. Тэд санал асуулга явуулах, иргэдэд саналаа тайван өгөх боломжийг бүрдүүлэхийн тулд банкуудыг түр хаахыг шаардаж байна” гэдгийг ойлгуулсан юм.
Өмнө нь өч, төчнөөн тэрбум ам.доллар зээлдүүлж, төлөвлөгөөний дагуу хямралаас гарч байгаа гэгдэн нэмж зээл авдаг байсан Грек ийнхүү тойргийн гадна гарахдаа тулсан нь сүүлийн үед явуулсан гадаад бодлоготой нь холбоотой гэж үзэх шинжээчид байна. Өөрөөр хэлбэл, Европын холбоонд үнэ цэнээ мэдрүүлэхийн тулд ОХУ-тай “ханд” хаялцсан нь буруудсан гэж тэд дүгнэж байгаа юм.
Хэдий Грект хатуурхаж байгаа ч гэсэн хэзээ ч тавьж явуулахгүй гэдэгт тэд мөн санал нийлж байгаа юм. Банкууд ийнхүү хаагдсанаар, тэртэй тэргүй удаашраад байгаа Грекийн эдийн засагт маш муугаар нөлөөлнө гэдэг нь ойлгомжтой юм. Энэ бол нэг ёсондоо Европын төв банкнаас Грект үзүүлж буй дарамтын нэг хэлбэр юм.
Гректэй холбоотой мэдээлэл олон нийтэд цацагдсаны дараа еврогийн Ам.доллартай харьцах ханш хоёр хувиар унажээ. Германы Канцлер Ангела Меркель, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар утсаар ярихад Б.Обама “Грекийг евробүсэд үлдэхэд туслах нь амин чухал асуудал” хэмээн ятгасан гэнэ. Цагаан ордон Грекийг Евробүсэд үлдээх сонирхолтой байгаа нь ОХУ-д стратегийн чухал ач холбогдолтой байршил бүхий холбоотон бэлдэж өгөх хүсэлгүй байгаатай нь холбоотой хэмээн ажиглагчид таамаглаж байгаа юм. Франц ч мөн АНУ-тай адил бодолтой. Тус улсын Ерөнхий сайд Мануэль Вальс үндэснийхээ телевизэд өгсөн ярилцлагадаа “Грекийг евробүсэд үлдээхийн төлөө бид бүхнийг хийх ёстой” хэмээн мэдэгдсэн байна.
*Баасан гарагийн өглөө: Ерөнхий сайд А.Ципрас Еввропын холбооноос нэмэлт санхүүжилт авах, хөтөлбөрийг сунгахын тулд санал асуулга явуулах шаардлагатай болсныг мэдэгдэв.
*Бямба гарагийн өдөр: Европын холбооны Сангийн сайд нар ирэх мягмар гарагт дуусах хөтөлбөрийг өргөжүүлэхээс татгалзлаа.
*Бямба гарагийн орой: Грекийн Парламент ирэх сарын 5-ны өдөр бүх нийтийн санал хураалт явуулахаар товлолоо.
*Ням гарагийн өдөр: Европын төв банкнаас Грект олгох яаралтай тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар шийдсэнээ зарлав.
Монголын мэдээ
Х.Батсайхан