МАН-ын бүлгийн тав хоногийн завсарлага дуусаагүй тул чуулганы хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.30/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэх байсан ч уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгээс авсан тав хоногийн завсарлага дуусаагүй тул завсарлагыг үргэлжүүлэх саналтай байгааг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт дуулгасан юм. Тэрээр хэлэхдээ, УИХ дахь МАН-ын бүлгийн завсарлага авсан үндсэн шалтгаан нь баялаг бүтээгч, бизнесийнхэнд ногдуулах торгуулийн ялын хэмжээ хэт өндөр байна гэдэг үндэслэлээр авсан. Үүнтэй холбогдуулж төрийн болон төрийн бус байгууллагуудаас маш олон мэдэгдэл, шаардлага бидэнд ирсэн. Эрүүгийн хууль бол маш том хууль. 2002 онд батлагдсанаас хойш өөрчлөлт орохгүй байж байгаад одоо шинэчилсэн найруулга орж ирж байгаа. Иймээс хуулийн төслийг эргэж ярья, хэлэлцүүлэг хийе гэж ярьсан. Хэлэлцүүлэг хийгдэхгүй байгаа. Тухайлбал, хуулийн төсөлд эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, түгээсэн бол 20 саяаас 400 сая төгрөгөөр торгоно гэж байгаа. Хууль бусаар ан агнавал 400 саяас 800 сая төгрөгөөр торгоно, хууль бусаар мод бэлтгэвэл 20 саяас 400 сая төгрөгөөр торгоно зэрэг хүнд заалтуудыг эргэж харья, нухацтай ярья, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг авья гэж завсарлага авсан. Иймд асуудлыг ярилцаж амжаагүй байгаа учир ажлын хэсэг, байнгын хороон дээр ярих бололцоо бүрдүүлж өгөхийг хүсч байна. Завсарлагын хугацаа дуусаагүй байгаа учир энэ хугацаанд асуудлыг ажлын хэсэг, байнгын хороон дээр ярих шаардлагатай байна гэв.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, аж ахуйн нэгжүүдэд ял оноох нь шинэ зүйл биш. Хуучин аж ахуйн нэгжийн захирал, нягтлангууд нь аж ахуйн нэгжийнхээ өмнөөс ялыг нь эдэлж шоронд суудаг байсан ялыг торгууль болгож хувиргасан. Өөр ямар нэг шинэ юм байхгүй. Тийм буруу үйлдэл хийх юм бол заавал ямар нэг ялыг хүлээж таарна. Хэрэв энэ хуулийг батлахгүй бол хуучин дарга, нягтлан нь шоронд ордог нь үргэлжилнэ гэсэн үг. Иймээс ажлын хэсэг дээр дахин ярья. МАН-ын бүлгийг тав хонолгүй дөрөв хоноод завсарлагааа дуусгачих байх гэсэн дууссангүй. Иймээс одоо хуралдуулах эрх надад алга байна. Гомдол гаргаад байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг цуглуулж хэлэлцүүлэг хийе гэснийг хийгээгүй байгаа юм байна. Анхдугаар хэлэлцүүлгийг хаалгүй Хууль зүйн байнгын хороо гурав хоног хуралдсан. Одоо байнгын хороо хуралдаад тайлбар өгвөл ойлгомжтой болно. Иймд ажлын хэсэг, байнгын хороог хуралдуулах хэрэгтэй. Маргааш төлөвлөсөн долоон байнгын хорооноос ажлаа хөнгөвчлөхийн тулд гурав нь өнөөдөр хуралдах хэрэгтэй байна. Хууль зүйн байнгын хороо зайлшгүй хуралдаж анхдугаар хэлэлцүүлгээ үргэлжлүүлээд С.Бямбацогт гишүүний хэлж байгаа саналуудыг хэлэлцэн ойлголцоод орж ирэх хэрэгтэй. Иймээс УИХ дахь МАН-ын бүлгийн завсарлага үргэлжилж байгаа гэдгийг мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.