Т.Мөнхтунгалаг: Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа
Авлигатай тэмцэх газар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж энэ оны эхний хагас жилд хийсэн ажлаа тайлагналаа. Энэ үеэр АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас зарим зүйлийн талаар тодрууллаа.
-АТГ Алтанхуяг гишүүний боловсруулсан хуулийн төслийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?
-УИХ-ын гишүүн Алтанхуягийн санаачлан өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, эдгээр хуулиудыг дагалдан гарах УИХ-ын тогтоолын төсөлд санал авахаар хүсэлтээ ирүүлсний дагуу АТГ-аас тодорхой саналаа гарган хүргүүлсэн. Одоогийн байдлаар дээрх хуулийн төслийг УИХ хэлэлцэх шатандаа байгаа тул АТГ-т одоогоор ямар нэгэн илүү дутуу санал, тайлбар, дүгнэлт хэлэх шаардлага байхгүй.
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан юм уу?
-Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар биш УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгахаар заасан. Өөрөөр хэлбэл АТГ УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалтын ямар нэг ажиллагаа хийгээгүй, хянаж шалгах эрхтэй субъект нь ч биш юм. Харин хөрөнгө, орлогын мэдүүлэг нь зөрчилтэй байж болзошгүй асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд мэдэгдсэн байгаа.
-Н.Алтанхуяг гишүүн үзлэг нэгжлэг хийх үед саад учруулсан гэсэн мэдээлэл яваад байгаа?
-“Алтан тэнгэр” компанийн захирал Самбууд холбогдох үйлдлийг шалгах явцад прокурорын байгууллага болон эрх бүхий байгууллагаас зөвшөөрөлтэй хийгдэж байгаа үзлэг нэгжлэгийн үеэр УИХ-ын гишүүн Алтанхуяг хүрэлцэн ирж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулах гэж оролдсон. Энэ асуудлыг АТГ цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа.
-Ерөнхийлөгч асан П.Очирбатын ХОМ-ийг шалгаж байна гэсэн. Одоо юу болж байна?
-УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, “Хос дэнс” ТББ-ын тэргүүн Гантамир нарын гомдлын дагуу ҮХЦ-ийн гишүүн Очирбатын ХОМ-ийг хуульд заасан хугацаанд шалгаад хариуг дээрх албан тушаалтнуудад өгсөн. Хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудал учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломж байхгүй.
-Санжийн Баярыг шалгасан асуудал юу болов?
-УИХ-ын гишүүн Г.Уянгын АТГ-т хандсаны дагуу Санжийн Баярт холбогдох асуудлыг шалгаад хариуг УИХ-ын гишүүн Г.Уянгад хүргүүлсэн. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Дэнзэнгийн хэрэг юу болж байгаа вэ?
-Г.Дэнзэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2-т зааснаар үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа.
-Танайхыг прокуророос шалгасан. Яагаад шалгаж байгаа юм бол?
-АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааг Улсын Ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгалт хийсэн. Энэ бол хийж байдаг энгийн нэг шалгалт. Өмнө нь хийж байсан, одоо хийж байгаа, цаашид ч хийх тийм л шалгалт. АТГ-ын мөрдөн шалгах үйл ажиллагааг прокурор хянадаг. Бүх ажиллагаа прокурорын хяналтан дор явагддаг. АТГ хэнд ч хянуулдаггүй, цагдуулдаггүй, эрх дураараа байгууллага гэсэн ойлголт байхгүй гэдгийн жишээ энэ л дээ.
-Одоогоор хэчнээн хүн цагдан хоригдоод байна вэ?
-Таван хүн байгаа. ЭХТА-ийн 268, 265, 263 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 5 хүн байна. Г.Дэнзэн яллагдагчаар, Г.Түмэнхүү яллагдагчаар, М.Тамир яллагдагчаар, Д.Батзориг яллагдагчаар, Г.Мөнхбат яллагдагчаар нар байгаа.
-АТГ-ын тайлангаас харж байхад шалгасан гомдол мэдээллийн ихэнхийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Энэ яагаад вэ?
-Иргэд нийгэмд байгаа болохгүй, бүтэхгүй асуудал бүрийг АТГ-т хандаж шийдвэрлүүлэх хүсэл сонирхолтой байгааг манайд ирүүлсэн гомдол, мэдээллийн бүртгэлээс харж болно. Гэтэл АТГ хуулиар харьяалуулсан 10 төрлийн гэмт хэргийг шалгадаг. Иргэдээс ирүүлж байгаа гомдол, мэдээллийн дийлэнх нь хэргийн харьяалал бус, ихэнхдээ зөрчлийн шинжтэй байдаг. Жишээлбэл, цэцэрлэгийн эрхлэгч эцэг, эхээс хандив авлаа, газрын байцаагч мэдээллийн санд бүртгэж аваагүй гэх зэрэг гомдол нь эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй байдаг.
-АТГ-ын твиттер хаягийг дуурайлган Н.Алтанхуяг гишүүний эсрэг жиргэсэн. Үүн дээр АТГ ямар нэгэн арга хэмжээ авах уу?
-АТГ-ын твиттер дэх албан ёсны хаяг @NOcorruptionMGL гэж байгаа. Харин сүүлийн өдрүүдэд энэ хаягийг дуурайлгаж @NOCorruptionMNG гэсэн хуурамч аккаунт нээсэн байна. АТГ албан ёсны дээрх хаягаас өөр ямар нэгэн хаяг ашиглаж байгаагүй, ашиглахгүй, цаашид ч ашиглахгүй. Шаардлагатай гэж үзвэл АТГ энэ асуудлаар зохих газарт нь хандана.
-Иргэний харьяаллын Пүрэвдоржийн хэрэг юу болж байгаа вэ?
-ИХШХЕГ-ын дарга болон нэр бүхий албан тушаалтнуудад холбогдуулан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 273 дугаар зүйлийн 273.2, 150 дугаар зүйлийн 150.3-т заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
-Төмөр замын Сэрээнэндоржийн хэрэг яаж байгаа вэ?
-ЭХ-ийн 266 дугаар зүйлийн 266.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
-“Цэвэр агаар” сангийнхны хоёр дахь хэрэг ямар шатанд байна вэ. Прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэдэг, дахиж яллах дүгнэлт үйлдүүлэхээр өгөв үү?
-Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна.
olloo.mn