Долдугаар сарын 1-нээс хойш…
Өнөөдөр долдугаар сарын 1. 2008 оны энэ өдрөөс хойш Монголын ард түмэн жил бүрийн хуанлийн энэ өдрийг “хар” хэмээн нэрлэх болжээ. Сонгуулийн будлианаас үүдсэн үймээнээс болж төр нь иргэдийнхээ өмнөөс буудаж таван хүний амь эрсэдсэн учир “хар” байхаас ч аргагүй юм. Цаг хугацаа тэр өдрөөс хойш урссаар долоон жил болсон байна. Харин тэр мөчөөс хойш өнөөг хүртэл юу өөрчлөгдсөн бэ. Үүнийг эргэн харцгаая.
1. ҮЙМЭЭНИЙ ХЭРЭГТ БУРУУТАН БАЙХГҮЙ
УИХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйгээс үүдэн 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр нийслэл хотод нийтийг хамарсан их үймээн дэгдсэнээс болж таван залуугийн амь үрэгдэж, залуус, цагдаагийн албан хаагчид эрүүл мэндээрээ хохирч,олон тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учирсан юм. Харамсалтай нь өнөөг хүртэл энэ хэрэгт хэн ч улс төрийн хариуцлага хүлээсэнгүй.
Гол будлианыг хутгасан улстөрчид тухайн үед тушаал авч үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн дарга нарыг яллаад дуусав. 2012 оны сонгуулийн өмнө долдугаар сарын 1-ний хэргийн буруутныг олсон болохын тулд яаран сандран цагдаагийн дарга нарт ял өгсөн юм. Шүүхээс энэ хэрэгт буруутай гэж үзэн Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд,
Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жилийн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 5.6 жилийн,
Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр жилийн ялыг тус тус оноосон. Гэвч тэдний хэргийг Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэж, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй үлдсэн юм. Өдгөө ял авсан дарга нар бүгд өвчний улмаас болон бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн. Тиймээс долдугаар сарын 1-ний хэрэгт буруутан гэж одоо байхгүй.
2. МАН TAB БИШ ОЛОН ДАВХАР ГОЁМСОГ БАЙРТАЙ БОЛОВ
Энэ өдөр болсон үймээний гол эзний нэг нь МАН байлаа. Тэднийг 2008 оны сонгуулиар парламентын 45 суудлыг авна гэж иргэд бодоогүй байв. Гэтэл сонгуулийн дүн өөр гарсан нь үймээн эхлэх шалтгаан болсон юм. Үймээний голомт болж байсан МАН-ын таван давхар төв байр шатаж дууссан билээ. Мэргэжлийн хяналтынхан барилгыг дахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж нураав. Харин суурин дээр нь тав биш 10 илүү давхар үүлэн цагаан харш хоёрхон жилийн дотор 14.7 тэрбум төгрөгөөр сүндэрлэн боссон. Тэд энэ байшингаа “МАН-ын төв байр” гэж нэрлэхийг хүсээгүй. Дахиад ямар нэг юмны бай болохоос сэргийлж “Ардын плаза” гэж ңэрлэхээр ярьж байсан ч өөрчилж Тусгаар тогтнолын ордон болгосон билээ.
Харин уг барилгыг богино хугацаанд барьж өгсөн гавьяагаараа “Өндөр буянт холдинг” компанийн захирал Н.Төмөрхүү өдгөө Зам тээврийн сайд хийж, МАН үүлэн цагаан харшийнхаа түрээсээс олсон мөнгөөрөө “амьдарч” байна.
3. С.БАЯР ХААНА АМЬДАРДГИЙГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ
Иргэдийнхээ өмнөөс гал нээж амийг нь хороосон гэж муу нэрийг дэлхийд түгээх үед Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байлаа. Харин одоо тэрээр Монголын улс төрд алга, эх орондоо ч амьдардаг эсэхийг хэн ч мэдэхгүй. Хамгийн сүүлд түүний олон сая долларын үнэтэй АНУ дахь хаусуудын талаар дуулиан дэгдсэн. Хариуд нь тэр хаанаас ч юм “Би буруугүй, шалгуулна” гэж дуугарсан ч таг чиг байна. Үнэндээ С.Баяр хаана амьдардаг, яаж явдгийг Монголын ард түмэн мэдэхгүй,
4.СУМНЫ ХОНГИО ХАЛААСАЛЖ ИРСЭН Ц.ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖЭЭ
Сонгогчид үймж, таван хүн амиа алдсан хэрэгт улс төрийн хариуцлага хүлээх ёстой хүний нэг нь тухайн үеийн АН-ын дарга байсан Ц.Элбэгдорж мөн гэдэгт олон хүн итгэдэг. МАН- ыг санал луйвардсан хэмээн орон даяар зарлаж, шударга бус сонгуулийн эсрэг тэмцэхийг хамгийн чангаар уриалсан хүн нь тэр мөн билээ. Харин одоо Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахдаа түүний хамгийн их ярьсан зүйл нь энэ хэргийн үнэн мөнийг олох байсан. Харин түүнээс хойш дахин улиран сонгогдож зургаан жил Төрийн тэргүүн байгаа боловч одоо энэ хар өдрийн тухай дурсахыг хүсдэггүй.
5.ҮНЭНИЙГ ИЛЧИЛСЭН Н.ЭНХБАЯРЫГ БАРИВЧИЛЖ, ХОРИВ
2012 оны дөрөвдүгээр сарын 12. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ өдөр долдугаар сарын 1 -ний өдөр чухам юу болсон талаарх бүх үнэнийг дэлгэв. Тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын протокол нийтэд дэлгэгдсэнийх нь маргааш үүрээр түүнийг бүтэн 10 цагийн туршид үргэлжилсэн гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчлан хориод бусад хүмүүсийн хэлдэгчлэн үхрийн бөөр шиг өвдөл цөвдөл хэргээр ял оноосон юм. Өдгөө Н.Энхбаяр БНСУ-д эмчилгээгээ дуусгаагүй байгаа. Түүнийг эх орондоо ирэх бүрт хууль хяналтынхан зүгээр суудаггүй нь цаанаа ямар нэг учиртай гэж үздэг билээ.
6. ХҮҮГЭЭ АЛДСАН ЭЦГИЙН ЦӨХРӨЛ
Гайт хар өдөр хүүгээ алдсан эцгийн үнэн мөнийг олох хүсэл өнөөг хүртэл унтраагүй. Тэрээр уржигдархан хэвлэлд ярилцлага өгчээ. Ц.Энхбаяр гэх эрхэм үймээний үеэр амиа алдсан таван залуугийн өмнөөс хөшөө босгох гээд эрх мэдэлтнүүдээс олон жил газар гуйжээ. Тэрээр “Монголын төр дандаа ийм байхгүй. Жаахан нартай өдөр ирнэ гэж итгэж байна. Тэр өдөр таван сайхан залуугийн амийг төр барьж байсан хүмүүсээс нэхнэ. Ард түмэн ч нэхнэ. Заавал энэ алуурчдаас гуйхыг хүсэхгүй байна. Бүр болохгүй бол Ц.Мөнх- Оргил, С.Баяр хоёрт хорслоо тайлж зургийг нь шатаана гэсэн бодолтой байгаа. Жаахан ч болтугай хорсол минь тайлагдах байх” хэмээн ярьж сууна.
Энэ бол 24-хөн настай хүүгээ алдсан эцгийн цөхрөл. Төр хүүг нь алчихсаныхаа төлөө “Уучлаарай” ч гэж хэлээгүйд дэндүү их гомдсон цөхрөл ажээ.
7.УУЧЛАЛ ХҮЛЭЭСЭН ДОЛООН ЖИЛ
Их үймээн дэгдэхийн өмнөх зуны тэр өдөр сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн бусдыг уриалан дуудаж, туг болон намирч явсан хүмүүс өдгөө ямар байгааг дээрх жишээнүүдээр тайлбарлахыг оролдлоо. Тэр үед жагсаалын манлайд явсан хүмүүс агентлагийн дарга, сайд, УИХ-ын гишүүн, Төрийн тэргүүн болтлоо тушаал дэвшжээ.
Харамсалтай нь хэн ч амиа алдсан таван залуу, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн өмнөөс “Уучлаарай” гэдэг үг амнаасаа унагасангүй. Дээр хэлсэнчлэн тушаалаар үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн хэдэн дарга нарт ял оноосон болоод өнгөрлөө. Үймээн самууңд уриалсан жинхэнэ эзэд нь харин албан тушаалын ард нуугдсаар байна. Цаашид долдугаар сарын 1 гэдэг монголчуудын хувьд хэзээ ч арилахгүй хар толбо болон дурсагдсаар байх болно. Ядаж төрийнхөө буруугаас амиа алдсан таван залууд хөшөө босгох газар олгох эрх мэдэлтнүүдтэй болох цаг ирэх биз ээ.
Ө.Батхүү