Ам.долларын ханш эрчимтэй өсөж байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд очиж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахтай зэрэгцэн ам.долларын эсрэг чангарсан төгрөгийн ханш эргээд суларлаа. Тодруулбал 1875 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш эргээд сар хүрэхгүй хугацааны дотор 90 орчим төгрөгөөр нэмэгдлээ.

Өчигдрийн байдлаар “Найман шарга” зах дээр нэг ам долларыг 1955 төгрөгөөр авч, 1958 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд 1945 төгрөгөөр авч, 1966-1970 төгрөгөөр зарж байна. Эдийн засагчид  төгрөгийн ханш цаашид ч чангарах боломжтой. Ам.доллар 1700 төгрөгт хүрнэ гэж таамаглаж байсан ч талаар өнгөрлөө. Үүнийг Монголд орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдээгүй, хэвэндээ байгаатай холбон тайлбарлаж байна.

Албаныхан ийм тайлбар хийж байхад долларын энэ өсөлтийг зохиомол хөөрөгдөл байж болзошгүй хэмээн үзэх нэгэн ч байгаа юм. Учир нь өнгөрсөн сарын дундуур УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын эзэмшлийн ордод төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох асуудал олонхийн дэмжлэг аваагүй унасан юм. Харин үүнтэй зэрэгцэн ам.долларын ханш өсөж эхэлсэн. Иймд зохиомол хөөрөгдөл гэж харах иргэд цөөнгүй байна. Ам.долларын ханш урд нь өсөхдөө ийм хурдтай байгаагүй бөгөөд тав, арван төгрөгөөр нэмэгдсээр байсан билээ. Гэтэл сарын дотор 90 төгрөгөөр нэмэгдсэн нь хардалд дагуулах нь аргагүй юм.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button