Шорон хүмүүсээ багтаахаа болилоо

Саяхан даа, хэдхэн хоногийн өмнө том оврын эксковатор жолоодож явсан залуу настай эмэгтэйг дайрч амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ. Хүнн бүхэн л тойрч зогсоод тэр залууг алуурчнаар нь дуудсан. Хэргийн газар дуудагдаж ирсэн аав нь хүүгийнхээ дайрсан эмэгтэйг хараад ухаан алдсан гэдэг. Аргагүй шүү дээ. Тэр том машинаар дайрсан учраас эмэгтэй бие бараг л хуваагдчихсан байсан юм билээ. Энэ бол өдөр тутмын амьдралд минь байх ёстой юм шиг тохиолдох болсон жирийн л нэг үзэгдэл. Тэр залуу зүгээр л ажлаа хийж явсан. Санаатайгаар очоод хүний амь хөнөөгөөгүй. Дээрх жишээг яагаад бичээд байгааг уншигч та гайхаж мэдэх. Та ч гэсэн тэдний оронд өөрийгөө тавиад үзээрэй гэж хүсмээр байна. Та өөрөө ийм хэрэг хийсэн бол хэрхэх байсан бол.

Хэн нэгний гарцгүй газраар орж ирээд дайруулчихсан үйл лайг өөрөө үүрч алуурчнаараа дуудуулах тийм хүсэх зүйл мөн гэж үү. Өнөөдөр Монгол Улсад зам тээврийн осол дайн байлдаан болж байгаа улс орон шиг болсон. Амиа алдаж байгаа хүнийхээ тоогоор шүү дээ. Өдөрт зам тээврийн ослоос болж 5-6 хүн амиа алдах юу ч биш. Өглөө бүр л тэдэн хүн мөргүүлж, амиа алджээ гэх харамсалтай мэдээ унших нь гуравхан сая хүн амтай бидний хувьд маш том асуудал.

 

Согтуу жолооч, хөдөө замын асуудлыг түр хойшлуулаад гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаа та бид хэдэн жолоочийн ар гэрт гашуудал, хагацал авч ирэх вэ гэдэгт л дүгнэлт хийгээд үзье. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний дүрэмд гарцгүй газраар зам хөндлөн гарсан иргэнд тийм хариуцлага тооцно гэсэн заалт байхгүй. Гарцаар гарна, эс бөгөөс хоёр тал руугаа машин харж байгаад гарна. Ойртож ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрүүлнэ гэсэн заалт байна.

 

Харамсалтай нь хоёр тал руу харах дүрмийг манайхан буруугаар ашиглаж ойртон ирж буй машиныг өнгөрүүлэлгүй урдуур нь гүйж осолд өртөх нь элбэг. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25-ын дөрөвт зааснаар “Явган болон унадаг дугуй, ердийн хөсгөөр зорчигч этгээд хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол 100-8000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэж заасан байдаг боловч энэ нь амьдралд хэрэгжих байдал нь тун тааруу байдаг гэнэ лээ.

 

Мэдээж замын цагдаа уулзвараа хаяад дүрэм зөрчиж байгаа явган зорчигч руу гүйх үү, эсвэл хөдөлгөөнөө зохицуулах уу гээд хүндрэлтэй асуудал тулгарах нь тодорхой. Замын дүрмээ зохицуулах ажлаасаа илүү явган зорчигчоо анхаарна гэдэг хэзээ ч хэрэгжих боломжгүй асуудал болоод байгаа юм. Гарцгүй газраар гарсан иргэнийг дайрсан бол тухайн жолоочийн буруугүйг нотолж ялаас чөлөөлнө гэсэн заалт байгаа ч хэрэгжихдээ мөн л хангалтгүй байсан юм билээ. Хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлдэг ч ихэнхдээ жолооч ямар нэг хэмжээгээр хүний амь хөнөөсөн бол ял сонсоно.

 

Сүүлийн үед бүх замыг камержуулснаар жолоочийн буруугүйг нотолж байгаа ч 100 хувь шийдлээ гэсэн үг биш юм. Тиймээс энэ хуулийг арай илүү боловсронгуй болгох шаардлага гараад байна. УИХ-ын нэр бүхий гишүүд Замын хөдөлгөөний дүрмийн тухай хуулийг шинэчлэн батлуулахаар боловсруулж эхлээд байгаа. Согтуугаар жолоо барьвал эхний удаад нэг сая төгрөг, нэг жил жолоо барих эрхийг нь хасах, давтан үйлдвэл торгуулийн хэмжээг нэмэгдүүлж, хорих ялаар шийтгэх, осол гаргасан жолоочийг төгсгөсөн жолооны сургуультай хариуцлага тооцох маш чанга хатуу заалттай хууль орж ирсэн. Тэгвэл энэ хуульд явган зорчигчийн асуудлыг илүү боловсронгуй хатуу тусгаж өгье. Явган зорчигчийг торгох заалтаа бүр илүү боловсронгуй болгоё. Төв суурин газарт зам хөндлөн гарахдаа гарцгүй газраар гарвал тэдэн төгрөгөөр торгоно гэсэн заалт оруулсан ч болж байна. Ингэж байж л талд бэлчиж байгаа аятай зугаалах хэнэггүй иргэдээ хазаарлаж чадна. Гарц байхгүй бол хэдэн метрийн зайд яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж гарах, үүнийг мөрдөөгүй бол ямар арга хэмжээ авах вэ гэдгээ ч тодорхой тусгаж өгмөөр байна. Гарцгүй газраар гүйчихээд эмчилгээний мөнгө нэхээд хэвтчихдэг, эсвэл жолоочийг ялд унагаж алуурчнаар нь дуудах тийм даварсан эрхгүй болгосон цагт л асуудал бага зэрэг шийдэгдэх биз.

 

Замын цагдаа нар ч гарцгүй газраар зам гарсан иргэнийг сигналдсан машиныг торгох гэж явахаасаа илүү тэр иргэнтэй нь хариуцлага ярьмаар байгаа юм. Ингэж байж л бид “мал шиг сэтгэлгээ”-нээсээ сална. Монгол Улсын шорон хүмүүсээ багтаахаа болилоо, эрх баригчид минь.

 

Монголын мэдээ

Б.Өнөртогтох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button