Ш.Түвдэндорж: Зургаан сайдын асуудлыг Ерөнхий сайд шийднэ
УИХ дахь АН- ын бүлэг ээлжит хуралдаанаараа МАН- тай хамтарсан гэрээний үр дүнгээ хэлэлцэж, гарсан дүгнэлтээ намынхаа Гүйцэтгэх зөвлөлд танилцуулсан байна. Энэ талаар АН- ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндоржоос тодрууллаа.
-Танай намын бүлэг MAH-тай хамтарсан гэрээний хэрэгжилтээ дүгнэсэн. Бүлгээс албан ёсны дүгнэлтээ гаргасан гэж ойлгож болох уу?
-АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс бусад намтай байгуулсан эвслийн гэрээгээ дүгнэ гэсэн үүрэг өгсний дагуу манай намын бүлэг хуралдсан. Албан ёсны шийдвэр одоогоор гараагүй. Гэхдээ гишүүд нэг бүрчлэн саналаа хэлж, гэрээний хэрэгжилтэд дүгнэлт өгсөн. Гишүүдийн дийлэнх нь гэрээний хэрэгжилт хангалтгүй гэж үзсэн. Ер нь МАН- ын гишүүд тэр дундаа Засгийн газарт МАН-аас томилогдсон сайд нартай холбоотой асуудлыг шийдэх тухай яриа гарсан. Хамтарч ажиллаж байгаа үр дүн тааруу байгаа учраас хугацаа өгье гэж шийдвэрлэсэн. Энэ хугацаанд үйл ажиллагаагаа УИХ-д танилцуулж цаашид хэрэгцээтэй гэсэн ажлуудаа хамтдаа шийдээд явъя. Хэрэв ингэж чадахгүй бол цаашид хамтрах утгагүй шүү дээ. Хамтарч ажиллах боломжгүй гэсэн тохиолдолд Ерөнхий сайд МАН-аас томилогдсон зургаан сайдыг УИХ- д оруулж ирж солих асуудлыг өөрөө шийдээд явна.
-Хамтрах эсэх асуудлыг хэдий хугацаанд шийдэхээр болж байна вэ?
-Гүйцэтгэх зөвлөлд бүлгийн албан ёсны хариу болгож хангалтгүй гэсэн дүгнэлтээ явуулна. Ерөнхий сайдад гэрээнд заасан ажлуудаа яаравчилж, хуулиудаа батлахын төлөө ажиллах хугацаа өгье. Харин үнэхээр болохгүй байгаа бол яриад байгаа арга хэмжээгээ авна гэсэн ерөнхий ойлголтод хүрсэн. Хугацааны хувьд энэ сарын 10-ны өдөр хүртэл гэж ярьсан. Албан ёсны шийдвэрүүд гараагүй.
-Тэгэхээр энэ хугацаанд чухал гэж байгаа ямар хуулиудыг батлах хэрэгтэй гэж байгаа юм бол?
-Зөрчлийн болон Эрүүгийн хууль зэрэг тулгамдсан хуулиуд олон бий. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Улс төрийн намын тухай хуулиудыг хамтарч хэлэлцэнэ гэсэн. Энэ хүрээнд нэлээд гүнзгийрүүлж ярилцах ёстой гэсэн шийдвэрт хүрсэн. Энэ бүх шийдвэрийг АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар албан ёсны болгоод Гүйцэтгэх зөвлөл болон Ерөнхий сайдад хүргүүлнэ. Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайдад Засгийн газрын гишүүдийг өргөн барих огцруулах эрх нь байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг цаашид хэрхэн ажиллуулах эрхийг нь Ерөнхий сайдад үлдээсэн.
Д.Гэрэл