Г.Өсөхбаяр зүүнийг магнайлна гэж шийдвэрлэжээ

Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа. Уг хурлаар хүчит бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүн жигүүрийг магнайлах вэ гэсэн асуудлыг авч хэлэлцсэн байна. Тус хорооны хуралдаанаас Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлж Г.Өсөхбаяр зүүн жигүүрийн магнайд гарахаар болжээ.

Хоёр аваргын энэ асуудал сүүлийн хэд хоногт бөх сонирхогчдыг талцуулаад байсан юм. Тэд ч өөр өөрсдийн байр сууриа хэвлэлээр илэрхийлж  байлаа. Харин А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэнийг нь зүүний магнайд гарч барилдуулахаа Монголын Үндэсний бөхийн холбоо шийдэж чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд  баяр наадмын комисст шийдэж өгнө үү гэсэн хүсэлт тавиад байсан нь энэ юм. Тэгвэл комисс дээрх шийдвэрийг гаргажээ.Харин уг шийдвэрийг Дархан аварга А.Сүхбат хүлээн зөвшөөрөхгүй өнгөрсөн жилийн наадам шиг маргаан болохгүй гэх баталгаа алга байна.

Эргэн сануулахад баяр наадмын барилдаан эхлэх мөчид А.Сүхбат аварга зүүний магнайд гарна гэж хөлийн цэцэд гомдол гаргаж хэсэгтээ цаг алдсан. Эцэст нь Г.Өсөхбаяр аварга буулт хийснээр өнгөрсөн жилийн баяр наадмын барилдаан эхэлж байсан билээ. Улмаар гурвын даваанд А.Сүхбат аварга Г.Өсөхбаяр аваргыг амалж авсан ч барилдалгүй тахимаа өгч байсан юм.

Б.Сансар
olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button