Сансарын тунель, Баян-Цээлийн цэнгээний газруудыг номын сан болгоно
Баянзүрх дүүргийн гурав, долдугаар хороонд бөөний цэг, худалдааны газар, том жижиг зочид буудлуудыг оруулахгүйгээр архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 60 аж ахуй нэгж байдаг аж. Тиймээс тус хороонд оршин суугчдын санал гомдол, цагдаагийн байгууллагын гэмт хэргийн судалгааг үндэслэн дээрх 60 баар цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоохоор болсон талаар өчигдөр БЗД-ийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. Тус дүүргийн гурав долдугаар хороо буюу Сансар үйлчилгээний төв орчим 23, Баянцээлийн гудамж дагуу 37 цэгт архи, согтууруулах ундаагаар үйлчилж байгаа нь иргэдийн амар тайван амьдрах нөхцлийг хүндрүүлж байгаа гэнэ. Тэр хэрээрээ дүүргийн хэмжээнд ирсэн өргөдөл, гомдлын 33.3 хувийг согтууруулах ундаа, үйлчилгээний талаар ирсэн өргөдөл, гомдол эзэлж байгаа бөгөөд тэдгээр гомдлын 66,7 хувь нь тус хоёр хорооны согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын тухай байдаг юм байна.
Тодруулбал, судалгаанд1585 иргэн оролцсоноос 70 хувь нь архидалт тэдний тайван амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байна гэсэн бол, 800 хүн өөрөө болон гэр бүлийнхэн нь гэмт хэргийн хохирогч болж, хэл амаар доромжлуулах эрсдэлд орж байснаа хэлжээ. Тиймээс хороодын согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүдийг цэгцэлж, “Архигүй-Амар тайван хороо” болгон архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа 60 баар цэнгээний газрын оронд номын сан барина гэдгээ ч энэ үеэр дүүргийн ИТХ-ынхан дуулгасан юм.
Ц.Батхүү: 12 МЯНГАН ИРГЭНИЙ ЭРХ АШГИЙГ ХҮНДЭЛНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА
Энэ үеэр дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Иргэдтэй уулзаж санал авсан зүйл байгаа юу?
-Гуравдугаар хороо 5933, долдугаар хороо 6340 иргэнтэй. Нийлээд 12 мянга гаруй. Цөөн хүн амтай хороодын нутаг дэвсгэрт 60 аж ахуйн нэгж архи, согтууруулах ундаагаар үйлчилж байгаа нь оршин суугчдын амар тайван амьдрах нөхцөл байдлыг ихээр алдагдуулдаг. Өнгөрсөн сард хороод дээр Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулахад иргэдээс хамгийн ихээр энэ асуудлыг сөхөж тавьж, цаашид хэлэлцэх асуудлаараа батлаад, эдгээр газруудыг цэгцлэх ажлыг 100 хувь дэмжсэн юм.
– Үйл ажиллагаа явуулах эрхээ хязгаарлуулсан бизнес эрхлэгчид яаж хүлээн авах бол?
-Бид бизнес эрхлэгчдийг дэмжиж ажилладаг. Гэтэл нэг дор шахам баар цэнгээний 60 газар үйл ажиллагаа эрхэлсэнээр оршин суугч 12 мянган иргэний эрх ашиг зөрчигдөөд байна. Согтууруулах ундаагаар үйлчилдэг шөнийн цэнгээний газруудын төвлөрөл гэмт хэргийн үүр уурхай болоход хүрээд байгаа нь асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байдлыг үүсгэж байгааг бизнес эрхлэгчид ойлгож, иргэдийн саналыг ухаалгаар хүлээн авч, асуудлыг хамтдаа шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Тэдгээр бизнес эрхлэгчид үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөөд цэцэрлэг, үсчин, халуун ус, номын сан болговол бид дэмжиж, дүүргийн зүгээс хамтран ажиллах бүрэн боломжтой.
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг нийслэл хэрхэн шийдвэрлэх бол?
-Бид нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Захирагчийн ажлын албатай нягт хамтран ажилласаар ирсэн. Үүний хүчээр олон ажлыг амжилттай хийж хэрэгжүүлж байна. Баянзүрх дүүргийн иргэдийн саналд үндэслэж Тэргүүлэгчдээс гаргасан саналыг нийслэлийн удирдлагууд хүндэтгэн хүлээн авч, шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа.
Г.Жаргал