Т.Мөнхтунгалаг: Н.Алтанхуяг гишүүнтэй холбоотой элдэв жиргээ манай байгууллагад хамаагүй

АТГ-аас өнөөдөр 2015 эхний хагас жилд хийсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар тайлагнаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.  Мэдээллийг АТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Т.Мөнхтунгалаг өгсөн юм. Тус байгууллагаас өгч буй мэдээллээр бол 2015 оны эхний хагас жилийн байдлаар 322 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгасан байна. Улмаар 2015 онд хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын мөрөөр 41 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар, хууль тогтоомж зөрчсөн 56 зөрчлийг арил­гуулахаар шийдвэрлэжээ. Мөн оны эхний хагас жилийн байдлаар албан тушаалын авлига, ашиг сонирхлын зөрч­лийг шалгуулахаар ханд­сан нийт 208 өргөдөл, гомдол мэдээллийг хүлээн авснаас тайлант хугацаанд 108-ыг хянан шийдвэрлэж, 28-ыг нь одоо хянаж байгаа ажээ. 

 

Мөн хуульд заасан харьяаллын 217 үйлдэл, 204 хол­богдогчтой 147 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал төрийн албан тушаалтан эрх мэдлээ ашиглах 93. Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 35, ТББ, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуул­сан тохиолдол 25 гарчээ. Түү­нээс гадна хээл хахууль авсан 69, өгсөн 46, зуучилсан ес, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан 11, мөнгө угаасан таван хэрэг гарсан байна. 

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл, 23 хэргийг яллах дүг­нэлт үйлдүүлэхээр, 22-ыг нь хэрэгсэхгүй болгох санал­тайгаар 14-ийг харьяаллын дагуу шилжүүлэхээр шийд­вэрлэсэн байна.  Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 2015 оны эхний таван сард ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогооням, ИХШХЕГ-ын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг зэрэг 36 хүнд холбогдох эрүүгийн 11 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 30 тэрбум 145.4 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 577.3 саяыг нь нөхөн төлүүлсэн байна. Мөн 7.9 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалж, 240.5 сая  төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгийг илрүүлжээ.  Ийнхүү мэдээлэл өгсний дараа  тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-АТГ-аас Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очир­батыг шалгаж буй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Шалгагдаж дууссан уу?

-УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, “Хос дэнс” ТББ-ын тэргүүн А.Гантөмөр нарын  гаргасан хүсэлтийн  дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын  хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ хуульд заасан хугацаанд шалгасан. Шалгалтын хариуг гомдол гаргасан нэр бүхий  хүмүүст хүргүүлсэн. Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэр хүндтэй холбоотой асуудал учраас АТГ-аас шалгалтын хариуг нарийвчлан мэдээлэх боломжгүй.

-Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д олон хаустай гэсэн мэдээллийн дагуу  танайд шалгуулах хүсэлтээ гаргасан гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?

-УИХ-ын гишүүн Г.Уянгын хүсэлтийн дагуу С.Баярт холбогдох асуудлыг шалгаж, хариуг нь хүсэлт гаргагчид хүргүүлсэн.

-Г.Дэнзэнтэй холбогдох хэрэг одоогоор ямар шатандаа яваа вэ?

-Г.Дэнзэнд холбогдох асуудалд Эрүүгийн хэргийн 265.2-т зааснаар  хэрэг үүсгэж, одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байна.

-УИХ-ын гишүүн Н.Алтан­хуягийн ХОМ-ийг танайхаас шалгасан уу?

-АТГ үйл ажиллагаандаа дагаж мөрддөг Авлигын эсрэг хуулийн 17.14.2 хэсэгт “УИХ-ын гишүүний ХОМ-ийг АТГ биш, УИХ-ын ёсзүйн дэд хороо шалгана” гэж  заасан байдаг. Өөрөөр хэлбэл, АТГ-аас  УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн ХОМ-ийг  шалгах ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үг.

-Тэгэхээр Н.Алтанхуягийн ХОМ дээр танайхаас ямар ч шалгалт явуулаагүй гэсэн үг үү?

-Бид холбогдох журмынхаа дагуу УИХ-ын гишүүн Н.Алтан­хуягийн ХОМ зөрчилтэй байж болзошгүй талаар УИХ-ын ёсзүйн дэд хороонд мэдэгдсэн асуудал бол бий.

-Н.Алтанхуягийн санаа­чилж буй хуультай холбог­дуулан танайх хэт нэг хүн рүү чиглэсэн сөрөг үйл ажиллагаа явуулж байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа. Түүний эргэн тойрон дахь зургаан хүнийг шалгаж байгаа гэх мэтээс авахуулаад.  Энэ талаар тайлбар хийхгүй юу?

-УИХ-ын гишүүн Н.Алтан­хуягийн санаачлан өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай  хуулийн төсөл, мөн уг хуулийг дагалдан гарах тогтоолын төслүүд дээр манай байгууллагаас санал авах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу АТГ-аас тодорхой  саналаа хүргүүлсэн. Одоогийн байдлаар энэ хуулийн төслүүд УИХ-аар хэлэлцэх шатандаа яваа учраас АТГ ямар нэгэн  нэмэлт тайлбар, санал, дүгнэлт өгөх боломж байхгүй. Тэгэх  шаардлага ч байхгүй.

-Танай байгууллага өөрийн твиттер хуудсаараа дамжуу­лан Н.Алтанхуяг гишүүнд холбогдох мэдэгдлүүдийг гаргасан. Гэтэл энэ хаяг хуурамч байсан тухай мэдээлэл мөн гараад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Өнгөрсөн  хугацаанд Н.Алтан­хуяг гишүүнтэй хол­боо­той манайхаас жиргэсэн мэт харагдсан жиргээ нь манай байгууллагын бус хаягаар явсан. Манай байгууллага @NOcorruptionMGL гэсэн хаягтай. Үүнээс өөр  твиттер хаяг байхгүй, өмнө нь ч ашиглаж байгаагүй.

-УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч  Г.Сэрээнэн­доржийг шалгаж байгаа юу?

-Г.Сэрээнэндоржид хол­бог­дох хэргийг эрүүгийн хуулийн 266.4, 265.2-т заасан зүйл ангиар АТГ мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-ИХШХЕГ-ын дарга  асан Б.Пүрэвдоржтой холбоотой асуудал?

-ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэв­дорж нарт холбогдох хэргийг эрүүгийн хуулийн 266 дугаар зүйлийн 266.2, 273 дугаар зүйлийн 273.2, Эрүүгийн хуулийн 150.3-т заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дээрх хэргийн талаар өөр мэдээлэл өгөх боломжгүй.

-Одоогоор танайх хэдэн хүнийг цагдан хорьж байгаа вэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 265, 263-т заасан хэргүүдэд холбогдуулан шалгаж байгаа таван иргэнийг АТГ-ын шийдвэрийн дагуу цагдан  хорьсон. Тодруулбал, Г.Дэнзэн, н.Тамир,  Г.Мөнхбат, н.Үнэнхүү нарын таван иргэн байна.

-Иргэн Г.Мөнхбат БНХАУ-ын иргэн Л.Үнэнбаатарын гаргасан гомдлын дагуу цагдаа, тагнуулын бай­гуул­лагаар шалгагдан хэргийг нь мөрдөн байцаалтын шатнаас хэрэгсэхгүй болгосон байдаг. Одоо танайх яагаад шалгаж  юм бэ?

-Холбогдох гомдлын дагуу мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явагдаж байгаа учраас нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй.

-ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү болон бусад хүнд сахилгын шийтгэл оногдуулаад өнгөрөх үү.  Энэ мэт өөртөө цалин урамшуулал нэмж олгодог асуудалд ямар хяналт тавьж байна?

-Эдгээр байгууллагуудын албан тушаалтнууд өөртөө шагналт урамшуулал олгохоос гадна илүү цагийн хөлс хэлбэрээр мөнгө авсан нь шалгалтаар тогтоогдсон. Энэ асуудлыг АТГ анхааралдаа авч зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах чиглэлээр  томилгоо хийх эрх бүхий албан байгууллагад нь албан бичиг хүргүүлсэн.

Монголын мэдээ

Н.Пунцагболд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button