Халууны халуурал

Жил ирэх тусам дэлхийн дулаарал нэмэгдэж байгааг эрдэмтэд хэлсээр байгаа. Цаашид ч дулаарал улам нэмэгдэнэ гэдгийг тэд хэлж байна. Тэгвэл дэлхийн энэ дулаарал эрс тэс уур амьсгалтай манай оронд ч гэсэн нөлөөлөөд байгаа. Энэ зун олон жилийн дунджаас дээш халах төлөвтэй байгааг албаныхан хэлж буй.  Газар дэлхийн цаг уурын нөхцөл байдал ийнхүү халж эхлэхтэй зэрэгцэн манай нийгмийн амьдрал ч олон халуун үйл явдлаар өрнөх боллоо. Харин үүнийг иргэд халууны халуурал, солиорол, дэмийрэл гэж нэрлэж буй.

Тодруулбал тун удахгүй болох үндэсний их баяр наадмын бэлтгэлээ базаан, өнгөө засаж буй Төв цэнгэлдэх хүрээлэнгийн будаг нь ханхалсан талбайд нэгэн хачирхалтай үйл ажиллагаа өнгөрсөн амралтын өдөр болсон. Өөрсдийгөө хаан, хатад хэмээн нэрлэсэн хэсэг хүмүүс  Чингис хааны энэ цаг үеийн дүрийг тодруулахаар цугларсан нь тэр юм. Харин тэдний толгойлогч нь насаараа Өвөрхангай аймагт цэцэрлэгийн багш хийсэн И.Мөнхсаруул гэх эмэгтэй.

Тэрбээр өөрийгөө Мөнх тэнгэрийн оньс, Мөнх тэнгэрийн түлхүүр, Гэгээнтэн, Өндөр гэгээний энэ цагийн дүр, Ногоон дарь эх хэмээн өргөмжилсөн нэгэн. Насаараа цэцэрлэгийн багш хийсэн тэрбээр нэг л өдөр гэнэт тэнгэрт бичсэн Монгол бичгийг уншиж, Чингис хааны сүнсийг биеэрээ дамжуулан газарт буулгах ид шидийг хүлээсэн гэж байгаа.

Тэгвэл нэлээд сүр дуулиантай эгээтэй л хаад хатад гэж эндүүрмээр өнгө өнгийн торго дурдангаар гоёсон тэдний гол зорилго нь биелээгүй. Учрыг тодруулбал Чингис хаанаар тодорсон эрхэм нь сэвтэх аюултай тул энэ удаад олонд танилцуулалгүй үйл ажиллагаа өндөрлөв.

Харин өчигдөр төв талбай дээр Монголд урд өмнө нь болж байгаагүй оло хүн цугласан томоохон үсний найр болов. Учрыг тодруулбал МУГЖ С.Жавхлан зүв зүгээр ургаж байсан үсээ эрх баригчдыг эсэргүүцэж байна хэмээн хусаж орхих нь  тэр. Болоогүй С.Жавхланг даган баясагчид ч энэ өдөр төв талбай дээрээ олныхоо дунд толгойгоо халзлуулсан. Тэдний дунд МУГТ сагсчин Ц.Шаравжамц ч байлаа. С.Жавхлан “Бид энэ төр засгийг дорвитой шийдвэр гаргаж, эх орон, газар нутгийнхаа төлөө явахыг хүлээж суусаар залхлаа. Хэн нэг нь дуугарч, хэлнэ биз гэж хойш суух биш иргэн бүр энэ тэмцэлд нэгдэх хэрэгтэй. Эх орон, газар шорооныхоо төлөө бид тэмцэж эсэргүүцлээ илэрхийлэхгүй бол Төрийн ордонд суусан 76 ямаа хийхгүй” гэсэн юм. Түүнийг дэмжиж Хохирогчдын холбоо, Гал үндэстэн холбоо, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулаа аваръя хөдөлгөөнийхөн ирж, төр  засгийг эсэргүүцсэн уриа лоозон барин жагссан.

Энэ зуны халуурал үүгээр дуусахгүй. Зүгээр байсан хөшөөг хөдөлгөнө гэх сураг ч дуулдаж буй.  Албаныхан үгүйсгэж байгаа ч ийм санаа байсан болохоор л энэ нь олны чихэнд хүрсэн болов уу. Наадам дөхсөн өдрүүдэд зодог тайллаа хэмээн Монголын ард түмнийг тэр чигээр нь уйлуулж явсан аварга нь эргэж барилдана, ингэхдээ зүүний магнайлна хэмээн хууль дүрмээ зөрчин дайрах, үүнээс үүдэн аваргууд хэвлэлээр хэрэлдэж буй. Эдийн засгийн хямрал хэцүүдлээ, улс орон туйлдаж байна гэсэн мөртлөө гадаадын өндөр үнэтэй дуучин урьж наадмаараа дуулуулна гэх эрх баригчдад ч халуун нөлөөлсөн бололтой. 

Ямартай ч энэ халууны солиорол нэг хэсэгтэй үргэлжлэх төлөвтэй байна. Зуны улирал дуусах хаа ч байсан юм. Харин тэр болтол ганц Чингис гэлтгүй Өгөөдэй, Хубилай гээд Монголынхоо хэд хэдэн их хаадыг тодруулчих ч юм бил үү харж л сууя. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button