УИХ-ын чуулганы дэгд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын нэр бүхий УИХ-ын гишүүд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Улсын Их Хурлаас гарах шийдвэрийг чанаржуулах үүднээс салбарын мэргэшсэн эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжилтнүүдээр судалгаа хийлгэх, мөн хуралдааны ирц хүрэлцэхгүйн улмаас Улсын Их Хурлын үйл ажиллагаа удаашрах, завсарлах, хэлэлцэж байгаа асуудлын ач холбогдол буурах зэрэг сөрөг үзэгдэл гарч байгааг шийдвэрлэх зорилгоор Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвслийн бүлгийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгохтой холбоотойгоор зарим зүйл заалтыг тодруулах, утга агуулгыг шинэчлэх болон зарим асуудлууд дээр шинээр зохицуулалт шаардлагатай болж байгаатай холбогдуулан эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Ингэснээр Улсын Их Хурлаас гарч буй шийдвэр нь судалгаа, шинжилгээний үндэслэлтэй, хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, Улсын Их Хурлаас батлагдан гарч буй хууль, тогтоомжийн чанарт сайнаар нөлөөлөх юм хэмээн хууль санаачлагчид үзсэн болохыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.