Бичин жилийн зуд болох уу
Урин дулааны улирал ирж, зуны дунд сар гарчхаад байхад нийт нутгийн 50 орчим хувь нь гантай байгаа юм. Аль ч нутаг руу явсан цагаанаараа л байна. Өнгөрсөн хавар нийт нутгийг хамарч багагүй цас орсон ч өвөлдөө хар байсны гор гарч эхэллээ. Ганц сайн мэдээ гэвэл говь руу зуншлага гайгүй бололтой. Зуншлага ийн тааруухан байгаатай холбогдуулж хаа сайгүй ирэх өвөл зуд болно гэж ярих боллоо. Тэр дундаа үлгэр домог мэт яригдах бичин жилийн зуд болох давтамж нь ирсэн юм байх аа. Уг нь манай улсын мал сүрэг өсч, тоо толгой нь 50 сая даваад байгаа. Зарим хүмүүс төлтэйгөө нийлээд 60 сая хүрсэн байх гэж ярьж байна. Хүнсэндээ махнаас өөр юм хэрэглэдэггүй шахуу манай улсын хувьд сайхан мэдээ.
Гэхдээ ирэх өвөл айхтар зуд болбол хий дэмий үхүүлээд дуусахын л нэмэр болчихоод байна. Муу ёрлож байгаа юм биш, Ерөнхийлөгч хүртэл энэ талаар сануулсан. Зуд болох учраас муу малаа заазлаарай гэх утгатай зүйл ярьсныг хэлээд байна. Ер нь одоо жаахан гандуу байгаагаас болж зуд болно гэж таагаад ч байгаа юм биш. Зуд, ган зэрэг байгалийн гамшиг тодорхой мөчлөгтэй давтагддаг гэдэг нь олон жилийн судалгааны үндсэн дээр батлагдсан шахуу зүйл. Дээрээс нь 60 жилийн статистик судалгаанаас харахад, сүүлийн жилүүдэд энэ давтамж нэмэгдэж байгаа талаар албан хүмүүс хэлээд байгаа юм.
Тухайлбал, 1944 оны бичин жилийн зуд 150 хоног үргэлжилж,
9.2 сая мал хорогдсон байдаг аж. Тэгвэл 1956 оны ган, зудад 2.2 сая мал хорогджээ. 12 жилийн зайтай давтагдсан. Улмаар 1968 оны бичин жилийн зуд 165 хоног үргэлжилж, 4.4 сая мал хорогдож байжээ. Ер нь бол 1970-1990 оны хооронд ч цөөнгүй удаа зуд болж байсан ч өвлийн бэлтгэлийг харьцангуй сайн хийж байсны ачаар хохирол багатай давж байсан юм билээ.
Гэтэл сүүлийн жилүүдэд экологийн дулааралтай холбоотойгоор зудын давтамж ойртож, өвлийн бэлтгэл хийдэггүй байдлаас болж хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. 1999-2000 онд 12 аймгийн 157 суманд зуд болж, 2.4 сая мал хорогдож байсан байгаа юм. Улмаар ердөө жилийн дараа 20 аймгийн 192 суманд зуд болж, 3.5 сая мал хорогдож, 5000 орчим айл өрх малгүй болж байсан түүхтэй. Тэгвэл үүнээс хойш их, бага хэмжээгээр зуд болж, мал хуй хорогдсоор өнөө жилтэй золгож байна. Бүр тодорхой хэлбэл бичин жил гэсэн үг л дээ. 2001 онд айхтар зуд болсноос хойш 15 жил өнгөрч байна. Ерөнхийдөө өнөөх 10 гаруй жилийн зайтай болдог давтамж. Энэ бүхнийг тоочоод байгаа нь зөвхөн зуны эхэңд ган болж байгаагаас болж зуд гээд үглээд байгаа юм биш шүү гэдгийг тайлбарлах гэсэн хэрэг.
Ерөнхийдөө зудын тохироо бүрдчихлээ. Тэгэхээр иргэд зах замбараагүй олон малаа цөөлж, ашиг шимтэй, тарга хүчтэйг нь авч үлдээд, бусдыг нь заазалж, зарах хэрэгтэй гэдэг Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна. Дээрээс нь авч үлдсэн малаа саравчиндаа хашчихаад, хэдэн өдөр тэжээсэн ч хотойхооргүй өвс, тэжээл бэлтгээд авчих хэрэгтэй байх. Тэгж байж л малчид хэдэн малаа үхүүлээд, нохой зоолуулж суухгүй байх. Дээрээс нь хуулиараа мал сүргээ хамгаалдаг Монголын төр ч зүгээр суухгүй байлгүй дээ.
Монголын мэдээ
Н.Пунцагболд