Ц.Монгол: Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг яаран сандран баталчихаж болохгүй
Хуульч, өмгөөлөгч Ц.Монголтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Өмнө нь энэ хуулийг олон нийт “Шоронжсон хууль” гэж нэрлэж ирсэн. Тэгвэл хүний эрхийг хамгаалж байдаг өмгөөлөгч, хуульч хүний хувьд та ямар байр суурьтай байна?
-Хуульч, өмгөөлөгчид бол Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэхэд оролцдог гол субьектуудын нэг. Иймээс бид энэ хуульд зөрчил, доголдол байна уу, аль заалт нь амьдралд хэрэгжиж байна, аль заалт нь хүний эрхийг зөрчиж байгаа талаар дүгнэлт хийж, хүний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа бол хуулийн тодорхой зүйл заалтыг өөрчлөх, боловсронгуй болгох талаар санал бодлоо илэрхийлэх үүрэгтэй. 2002 оны Эрүүгийн хуульд ялын доод хэмжээг зааж хуульчилснаар “хорьж шийтгэхээргүй хүмүүсийг хорьж шийтгэдэг” тогтолцоо бий болсон. Хүнд гэмт хэрэгт ногдуулах ял нь багасаад байдаг, гэтэл хүндэвтэр болон санамсаргүй, болгоомжгүйн улмаас хүнд биш гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хорих ял ногдуулах заалтууд Эрүүгийн хуульд байгаа учраас хүний эрхийг зөрчиж байна. “Шоронжсон хууль” гэх хэллэг, нэр томъёо ингэж үүссэн. Иргэд үүний бурууг ихэвчлэн шүүгчтэй холбож үздэг, гэтэл хэрэг дээрээ муу хууль хэрэглэж байгаа шүүгчдийн буруу биш юм. Учир нь шүүгчид Ром, Германы эрх зүйн системийн дагуу бичмэл хуулийг ягштал хэрэгжүүлэх ёстой байдаг. Иймээс ямар ял ногдуулахаа шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж, Эрүүгийн хуулиас ялын доод хэмжээг заасан санкцуудыг хасах учиртай.
–Эрүүгийн хуулийн зүйл, заалтууд албан тушаалтан болон иргэдэд адил тэгш нөлөөлж байна уу, энэ талаар өөрчлөлт орж байгаа юу?
-Үгүй. Төрийн өмчийг хэдэн тэрбумаар нь албан тушаалаа ашиглан залилан мэхэлж авсан албан тушаалтанд 3-5 жилийн ял эсвэл тэнсэн харгалзах ял ногдуулах заалттай, харин залилан хийсэн иргэнд бол 10-15 жил чанга дэглэмтэй хорих ял ногдуулах заалттай. Албан тушаалын гэмт хэрэг \авлигын хэрэг\-ийн тухайд хүнд, онц хүнд хэрэг гэж бараг байдаггүй. Ихэнхийг нь хүндэвтэр гэмт хэргийн төвшинд хуульчлаад өгчихсөн. Иймд хуулийн өөрчлөлтөөр энэ ялгааг арилгах учиртай.
–Нийгэмд үүсч байгаа аливаа харилцааг зохицуулахын тулд хуулийг өөрчилж шинэчлэх шаардлагатай болдог. Гэтэл манайд субьектив сэтгэлгээгээр, гаднаас хуулбарлан эсвэл лоббины нөлөөгөөр хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-аар батлуулахаар оруулдаг гэж сонссон. Энэ талаар та тодорхой жишээ баримт хэлэх үү?
-За ер нь олон асуудал байгаа, тухайлбал 1997 оны Ашигт малтмалын тухай хууль, Оюутолгой,Гацууртын ордтой холбоотой асуудал гэх мэтэд гадны нөлөө орсон гэж зөндөө бичсэн, тийм ч байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын үед Х.Тэмүүжин салбарын сайд болсныхоо дараа “хуулийн байгууллагыг системээр нь өөрчилье, хуулийг нь ч 100 хувь өөрчилье” гэсэн. Гэтэл аливаа шинэчлэл түүхэн уламжлал, сонгож авсан эрх зүйн системдээ тулгуурлахгүй бол урагшилдаггүй. Тодорхой хуулийн шинэчлэл нь тухайн хуулийн суурь, тулгуур зарчмаас нь гажихгүй байх ёстой. Тэгвэл Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн хувьд олон зүйл заалтыг нь субьектив санаагаар гадны хуулиас хуулбарлан авсан байсан тул хэлэлцэж батлах боломжгүй нөхцөл үүсээд байсан. Харин дараагийн сайд нь энэ хуулийн төслийг эргүүлэн татаж хуулийн байгууллага, хуульчдаар хэлэлцүүлж өөрчлөн, дээрдүүлж УИХ-аар хэлэлцүүлж байна.
Гэхдээ, Эрүүгийн хуулийн төслийг харж байхад “компаниудад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн 48 заалт хасагдалгүй эргэж орж ирсэнд шүүмжлэлтэй хандахаар байна. Энэ асуудлаар Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс мэдэгдэл гаргасныг олж харсан. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар энэ талаар байр сууриа илэрхийлж, татвар төлөгчид, баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалах ёстой гэж үзэж байгааг дэмжиж байна.
–Тухайлбал?
-Эрүүгийн хуулийн маш олон заалтаар компанид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр төсөл орж ирж байгаа нь ихээхэн сөрөг үр дагавартай. Манай одоогийн улс төрийн нөхцөл байдлаас харахад нам төвтэй төртэй байгаа нөхцөлд аль нэг нам нь нөгөө намынхаа, эсвэл ялсан нам нь ялагдсан намыг нь дэмждэг бизнесмэнүүдийн эрх ашгийг хохироох, үйл ажиллагааг нь хориглох, эсвэл шударга өрсөлдөөний зарчим алдагдах, өрсөлдөгч компаниа Эрүүгийн журмаар шалгуулах замаар үйл ажиллагаанд нь нөлөөлж болзошгүй эрсдэлийг бий болгохоор байна.Нөгөөтэйгүүр, компани эрүүгийн хуулийн субьект болох уу эсвэл ТУЗ, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч үү гээд олон асуудал байна. Эрүүгийн хуулийн субьект болгоод компанийг шоронд хорих тухай ойлголт байхгүй. Компанид Эрүүгийн хуульд заасан ялаас зөвхөн торгох ялыг хэрэглэх боломжтой. Торгох тухайд Компанийн тухай хууль, Дампуурлын тухай хууль, Татварын хууль болон бусад хуулиар зохицуулаад явчихаж болно. Дампууруулах,татан буулгахаас өгсүүлээд торгох, шийтгэх бүх харилцаа нь эдгээр хуулиар зохицуулагдаж байгаа. Эдгээр хуулиудыг бүхэлд нь “Эдийн засгийн Эрүүгийн хууль” гэж ойлгох учиртай.
–Компанийг 20-800 саяар, бүр цаашлаад 13 тэрбум хүртэл төгрөгөөр торгохоор төсөлд заасан байгаа. Эрүүгийн хуулиар компанийг ингэж торговол мэдээж ихэнх нь дампуурна, тэгвэл харилцагч байгууллагууд өр төлбөр авах байсан бол давхар хохирох нь ээ?
-Компанийг Эрүүгийн хариуцлагад татах болсон нөхцөлд ихээхэн сөрөг үр дагавартай байхаар харагдаж байна. Компани бол баялаг бүтээгчдийн байгууллага, тэд эрх зүйн таатай орчинд үйл ажиллагаа явуулж, нийгмийн тодорхой хэсгийг ажилтай, орлоготой болгохын зэрэгцээ татвар төлж улс орныг авч явж байгаа хэсэг. Тиймээс баялаг бүтээгчдэд Эрүүгийн хуулийн заалтуудаар хавтгайруулан хариуцлага тооцох гэж байгаа нь буруу. Бод л доо, 1000 ажилчинтай компанийг Эрүүгийн хуулиар шалгаад өндөр торгууль ногдуулаад бүх хөрөнгийг нь хураачихвал харилцагч компаниуд нь нэхэмжлээд ч авах юмгүй болно, 1000 хүн ажилгүй болно, түүний цаана өчнөөн айл өрх,гэр бүл, үр хүүхэд амьдралын эх үүсвэргүй болоход хүрнэ. Харин үнэхээр хүнд гэмт хэрэг үйлдсэн компанийн удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйл, заалт бол байж болно.
–Компанид тооцох эрүүгийн хариуцлагын тухай заалтуудад торгуулийн хэмжээ их байна гэж УИХ дахь МАН-ын бүлгээс мэдэгдсэн. Гэхдээ хувьдаа компанитай гишүүн тэгж дуугарч байгаа нь олон нийтэд таагүй уур амьсгал бүрдүүлээд байгаа. Харин та юу гэж үзэж байна?
-Торгуулийн хэмжээ их гэдэг нь хүлээж авахаар асуудал. Тэр гишүүн өөрийгөө бус баялаг бүтээгчдийн нийтлэг эрх ашгийг урьтал болгосон гэж би бодож байна.Торгуулийн хэмжээ 20 саяас 13 тэрбум хүртэл байгаа. Тэгвэл 200 сая төгрөгийн хөрөнгөтэй компанид 800 сая төгрөгийн торгууль буюу Эрүүгийн хуулиар ял ногдууллаа гэхэд юу болох вэ. Компани дампуураад зогсохгүй эзэн нь насаараа төлж барахгүй өрөнд орно. Түүний оронд тухайн бизнесмэн таван жилийн хорих ял авсан нь өөрт нь хамаагүй дээр тусах юм биш үү. Нөгөөтэйгүүр, энэ нь нийгэмд маш хортой. Улсад татвар төлөгч нэг компани алга болно. Эрүүгийн хуулийн энэ өөрчлөлтийг яаран сандран баталчихаж боломгүй санагдаж байна.
–Эрүүгийн хуулийн өөрчлөлттэй хамт Эрүүгийн Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах болов уу. Нийгэмд хүлээлт үүсээд гурван жил болж байгаа шүү дээ?
-Эдийн засгийн болон Эрүүгийн Өршөөл үзүүлэх тухай хуулиудыг УИХ батлаасай гэж харж байна. Баялаг бүтээгч, байнга татвар төлдөг боловч хямралын улмаас татварын өртэй байгаа, татварын торгууль, акт тавигдсан байгаа шударга татвар төлөгч компаниудыг Өршөөлд хамруулж, харин татвараа нуусан гэмт хэргийн шинжтэй этгээдүүдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, харин татварыг нь заавал эсхүл тодорхой хэсгийг нь төлүүлэхээр шийдвэрлэх нь шударга ёсонд нийцэх ёстой.
Манайд үүсээд байгаа гажуудал бол ард олны, олон нийтийн эрх ашигт нийцсэн тийм хууль гардаггүй, уддаг. Олигархи буюу албан тушаалтан, тодорхой хөрөнгө оруулагч, бүлэглэлүүдийн эрх ашигт нийцсэн хууль эрх зүйн акт хурдан гардаг болчихоод байна. Жишээ нь, Өршөөлийн тухай хууль байна. Өнөөдөр хорих ангиуд нь бүгд дүүрчихсэн байгаа. Тэгвэл Өршөөлийн хууль гаргаад шорон гяндангаа чөлөөлж асуудлыг шийдэх ёстой баймаар. Гэтэл шорон нэмж бариад байдаг. Төр томоохон тэмдэглэлт ойнуудаараа өршөөл үзүүлдэг. Үүнд хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс, хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настнууд хамрагдана.
–Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, гавьяат хуульч Б.Сарантуяа “Шүүгч нар “ширэн нүүр” гаргаж, ял оноохоос аргагүй байдаг” гэж хэвлэлд ярьснаас хууль нь ийм байхад шүүгчид шударга байна гээд яах билээ гэсэн ойлголт төрсөн. Тэгвэл одоо ярьж буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ гажгийг зассан дэвшилттэй зүйлүүд байна уу?
– Хуулийн төсөлд тодорхой дэвшлүүд бий. Гэхдээ ялын доод хэмжээг хэвээр үлдээж байгааг 2002 оны “Шоронжсон хууль”-иас ялгагдахгүй хэмжээнд, бараг хэвээрээ явж байна гэж үзэхээр байгаа. Жишээ нь, шүүх хараат бус байж, шүүгч дотоод итгэл үнэмшлээрээ шийдэх ёстой асуудлыг Эрүүгийн хуулиар “Үгүй ээ, чи наадах аа заавал нэг жил хорь” гэж тулгаад байгаа юм. Б.Сарантуяа гуай үнэнийг хэлсэн байна лээ. Шүүгчид хорих ял өгөхөөргүй хүнд хуульд заасан тул хорих ял ногдуулах тохиолдол олон байгаа нь үнэн.
Зууны мэдээ
Ч.Зотол