Б:Батзориг: Маргалдаад буй хоёр дархан аварга барилдах эсэх нь тодорхой болоогүй
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өчигдөр хуралдлаа. Энэ талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригоос тодрууллаа.
-Энэ жилийн наадмаар зүүний магнайд дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь гарахаар болов?
-Үндэсний их баяр наадмын тухай хуулиа баримтлан манай салбар хороо ажиллана. Хоёр аваргын талаар хэвлэлээр бичигдээд байгаа болохоос биш одоогоор манай салбар хороонд хандсан зүйл алга. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч зарлиг гаргаж хоёр аваргад дархан аварга цолыг нэг өдөр нөхөн олгосон. Ингэхдээ 08 дугаартай үнэмлэхийг А.Сүхбатад, 09 тоот үнэмлэхийг Г.Өсөхбаярт олгосон.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрэм бий. Үүний 3.5-т бүртгүүлсэн бөхчүүдийг цол болон амжилтаар нь эрэмбэлнэ. Жагсаалтыг Монголын Үндэсний бөхийн холбоо гаргах бөгөөд энэ жагсаалтад ороогүй бөхчүүдийг барилдуулахгүй гэж заасан. Яг энэ дүрмээрээ л явна. Барилдаан болохоос долоо хоногийн өмнө буюу энэ сарын 4-нд бөхчүүдээ бүртгэж дуусна. Одоо маргалдаад байгаа хоёр дархан аварга барилдах, үгүй нь тодорхой болоогүй байна шүү дээ.
-Амжилтаар гэхээр хэн зүүний магнайд гарах юм бэ?
-Хэн ч мэдэхгүй. Тэр хоёроос том цолтой бөх ороод ирэх ч юм бил үү. Бүх зүйл бүртгэл дууссаны дараа тодорхой болно.
-Яаж эрэмбэлэх вэ. Түрүүлж цол авсан нь уу, олон түрүүлсэн нь үү?
-Хуулийн дагуу эрэмбэлэх нь зүйтэй гэж шийдсэн. Бүртгүүлсэн бөхчүүдийг амжилтаар нь бүртгэнэ гэж хуульд тодорхой заасан.
-Бөхчүүд дэвжээн дээр гарчихаад гаргасан шийдвэрийг эсэргүүцвэл яах вэ?
-Төрийн наадамд бөхчүүд зохих ёс зүйтэй байж төр түмэн олондоо хүндэтгэлтэй хандах ёстой. Бөхчүүдийн мандатын ард хууль, дүрмээ баримтлан барилдаж, наадамчин олноо хүндэтгэх ёстойг сануулна.
Зууны мэдээ
М.Цэцэг