Баяр наадмаар мэргэжлийн хяналтын 200 байцаагч ажиллана
Үндэсний баяр наадмаар мэргэжлийн хяналтын газраас ямар хяналт тавьж ажиллах талаар НМХГ-ын хэлтсийн дарга Д.Энхбатаас тодрууллаа.
-Баяр наадамтай холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагынхан хэрхэн ажиллаж байгаа талаар тодруулаач?
-Бидэнд ирсэн мэдээллээр энэ жилийн баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд 600, Хүй долоон худагт 250 цэг байх бөгөөд 80 орчим хувь нь хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх цэг байна гэсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас баярын өдрүүдэд Багануур, Налайх, нийслэлд нийлээд 200 гаруй улсын байцаагч ажиллана. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд гарч байгаа хуушуур, хоолны цэгүүд энэ жил цахилгаан өгөхгүй учраас газаар ажиллана. Гэтэл цаг агаарын урьдчилсан мэдээгээр баярын өдрүүдэд нэлээн халах юм билээ. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд газтай хэрхэн харьцах талаар нь манай чиглэлийн байцаагч нар зөвлөмж хүргүүлж байгаа. Мөн эрчим хүч тасалдаагүй үед хүнсний хадгалалт хамгаалалтаа хэрхэн хийх талаар зөвлөмж хүргүүлж, тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдтэй уулзана.
-Гар дээрх худалдаанаас болж иргэд хордлогод орох тохиолдол гардаг. Энэ тал дээр яаж хяналт тавих вэ?
-Хэрэглэгч болон иргэд өөрсдөө баярын өдрүүдэд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүндээ тавих хяналтаа сайжруулах нь чухал. Өмнө нь гарч байсан гашуун тохиолдлууд бий. Түргэн муудах бүтээгдэхүүнээ буруу хадгалдаг. Тухайлбал, өндөгний хордлого гарч байсан. Гэтэл тухайн хэрэглэгч өглөө өндөгөө чанаж аваачаад, майхныхаа сүүдэрт тавьж идээд хордлогод орсон байсан. Энэ нь өндөг зарсан байгууллагын буруу байхгүй. Харин хэрэглэгчийн өөрийн буруугаас үүдсэн асуудал юм. Тиймээс иргэдийн анхаарал болгоомжил маш чухал. Сүүлийн үед иргэдийн гар дээрээс худалдаалж байгаа ОХУ-аас орж ирсэн гэх бүтээгдэхүүнүүдийн худалдаа их дэлгэрээд байна. Шуудхан хэлэхэд, иргэд тийм худалдаанаас худалдан авалт битгий хийгээрэй амь нас, эрүүл мэндэд чинь халтай шүү гэж хэлмээр байна. Хордлогод ороод эмчлэгдэж байвал бага хэрэг. Гэтэл хүний амь насыг аваад одох бүтээгдэхүүн олон байгаа. Тэдгээр иргэд орой нь машинаасаа гаргаад хөргөгчинд хийгээд өглөө нь машиндаа хийгээд гарч байгаа гэдэгт би хувьдаа эргэлзэж байна. Тиймээс иргэд өөрсдөө анхааралтай байх хэрэгтэй.
-Худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Худалдаа үйлчилгээ эрхлэгч нь тухайн харьяалах дүүргээсээ үйл ажиллагаа эрхлэх дугаар авч, зөвшөөрөгдсөн цэгт үйл ажиллагаа явуулна. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байна. Худалдаалах болон хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн нь чанар аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлттэй, хадгалалтын хугацаа дуусаагүй, хаяг шошгын стандартын шаардлага хангасан байх шаардлагатай. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу зөв хадгалах, худалдаалах нөхцлийг бүрдүүлэх хөргөх төхөөрөмж
болон шаардлагатай бусад тоног төхөөрөмж, нэг удаагийн сав хэрэглэл, цаасан уут, торыг хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлсөн байх ёстой. Хоолны үйлчилгээ явуулах цэгт гар ариутгах санитол, нойтон болон амны салфеткийг хүрэлцэхүйц хэмжээгээр байлгах зэргийг зайлшгүй хангасан байх хэрэгтэй.
…Худалдаалах болон хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн нь чанар аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлттэй, хадгалалтын хугацаа дуусаагүй, хаяг шошгын стандартын шаардлага хангасан байх шаардлагатай…
-Үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд хогийн савны асуудлыг шийдээгүйгээс орчноо их бохирдуулдаг. Энэ тал дээр хэрхэн хяналт тавих вэ?
-Аж ахуйн нэгжүүд орчныхоо цэвэрлэгээг бүрэн хариуцах бөгөөд асрын гадна талд хогийн сав заавал байршуулсан байна. Хэрэв хогийн савны асуудлыг шийдээгүй бол байцаагч нар зохих арга хэмжээг авч ажиллах болно. Дашрамд дуулгахад, албан ёсны зөвшөөрөлгүй, гар дээрээс ил задгай худалдаа эрхлэх, согтууруулах ундаа, майонез, өндөг, крем, чанамал хиам буюу түүнийг оролцуулсан түргэн муудах бүтээгдэхүүнийг худалдаалах, халаасан хоолоор үйлчлэхийг хориглоно.Түүнчлэн нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж хэрэглэх, шорлог хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заагдсан байрлалаас өөр газарт зарах, дүүргийн зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд айрагны гэр болон сүүдрэвч байрлуулах, ил задгай хог хаях, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
Монголын мэдээ
Ж.Отгон