Монгол Улсын ядуурлын төвшин буурсан гэв

Монголын Статистикийн хороо,  Дэлхийн Банктай хамтран 2014 оны ядуурлын тооцооны үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Үндэсний статистикийн хороо нь 2002 оноос хойш Дэлхийн Банктай хамтран, өрхийн орлого, зарлага, амьжиргааны төвшний судалгаа болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах, статистикийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх талаар өргөн хүрээнд хамтран ажиллаж иржээ.

Урт хугацааны хамтын ажиллагааны нэг тод жишээ нь,  Монгол Улсын хүн амын аж байдал, амьжиргааны төвшинд гарч буй өөрчлөлтийг бодитой хэмжих найдвартай арга зүйг хамтран боловсруулсан юм. Мөн  ядуурлын талаарх олон янзын тоо мэдээллийн нэг мөр болгосон аж.

Ядуурлын төвшинг тодорхойлохдоо ядуурлын асуудал хариуцсан олон улсын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор боловсруулсан, Дэлхийн Банкнаас баталгаажуулсан олон улсын аргачлалыг ашиглан Өрхийн нийгэм, эдийн засгийн 2014 оны судалгааны үр дүнд үндэслэн тооцжээ.

Хоёр талын хамтран тооцсон ядуурлын тооцооны үр дүнг авч үзвэл,  Монгол Улсын ядуурлын төвшин 2012 онд 27.4 хувь байсан бол 2014 онд 21.6 хувьд хүрч 5.9 функцээр буурчээ. Энэ нь 634 мянган хүн ядууралд өртсөн гэдгийг илэрхийлж байна. Ядуурлын гүнзгийрэлт  2014 онд 5.2 хувь болж, 2012 оныхоос 1.8 функцээр, ядуурлын мэдрэмж 1.9 хувь болж, 2012 оныхоос  0.7 функцээр буурсан байна.

Энэ тооцоо нь  2014 онд зохион байгуулсан Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны үр дүнд үндэслэсэн тул тухайн хугацааны амьжиргааны төвшинд гарсан өөрчлөлтийг харуулж байгаа бөгөөд 2015 оны эхнээс гарсан өөрчлөлтийг тусгаагүй байна.

Хөдөө орон нутагт  ядуурал буурсан байна. Монгол Улсын нийт хүн амд хөдөөгийн хүн амын эзлэх хувь бага ч ядуурлын төвшин 9 функцээр буурч, 2012, 2014 оны хооронд ядуурлын төвшний улсын дундаж бууралтын 50-иас илүү хувийг эзэлжээ.

Харин хот суурин газар, ялангуяа Улаанбаатар хотод ядуурал бага хэмжээгээр буурсан байна. Улаанбаатар хотод ядуурлын түвшин 2010-2012 оны хооронд  11 хувиар буурсантай харьцуулахад 2012-2014 онд гурван хувиар буурсан байна.

Монгол Улсын ядуу иргэдийн ихэнх нь 2012 оны ядуурлын шугамаас доош буюу маш ойрхон амьдарч байна. Энэ нь эдийн засгийн бага зэргийн өсөлт ч тэднийг ядуурлаас гаргаж чадахыг харуулж байгаа аж. Нөгөө талаас, ядуурлаас гарсан иргэдийн хувьд ядуурлын шугамаас нэг их дээш гараагүй учраас эдийн засагт сөрөг цочрол үүсэхэд олон тооны иргэд эргээд ядуурал руу гулсан орох эмзэг байдалд байгаа аж.

Монголын мэдээ

Ч.Хонгорзул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button