Грекийг хямралаас аврах хандивын сан байгуулагджээ
Өрийн хямралд өртөөд буй Грекийг аврахаар Их Британид гутлын дэлгүүр ажиллуулдаг нэгэн эр “Грект яаралтай туслах сан”-г байгуулж, иргэдээс хандив цуглуулж эхэлжээ.
Эдүгээ 29 настай Том Фени гэх энэ залуу IndieGoGo гэх сайтад Грекийн эдийн засгийг аврах зорилготой хандивын сангаа байршуулснаар хоёрхон өдрийн дотор л 209 мянган еврогийн хөрөнгө цугларчээ. Фени өөрийн ажиллуулдаг Лондон хотын Ковент Гарденд байрлах дэлгүүрийнхээ өмнө зогсон Франц пресс агентлагт өгсөн ярилцлагадаа олон нийтийн дэмжлэг, урам хайрласан мессежид “сэтгэл үнэхээр хөдөлж байна” хэмээн ярьсан аж.
IndieGoGo сайтад Фени Грекийн эдийн засагт туслах төслийг боловсруулсан нь дэлхийн хэмжээний томоохон үйл явдал учраас хандалт өндөртэй байгааг тэмдэглэж, түр хугацаанд сайтдаа байршуулсан аж. Эдүгээг хүртэл тус зоригтой залуугийн төсөлд нэгдэн хандив өргөсөн хүний тоо 13 мянгыг давсан байна. Тэрбээр “ Европын жирийн иргэд улстөрчдөөс илүү зүйлийг хийж чадна гэж бодсон” хэмээн хуучилсан байгаа юм. Грек улс Олон улсын Валютын санд 1,6 тэрбум еврогийн өртэй. Тиймээс залуугийн санаачилсан уг санд ийм их хэмжээний мөнгө цугларах нь одоогоор таамаг төдий хэдий ч, Фени “Европын холбооны улсуудын иргэн бүр 3.19 еврог гаргавал, энэ хэмжээний хөрөнгөд дөхөж очино” хэмээн ярьсан аж.