2014 оны төсвийн гүйцэтгэлийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4-т “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлана” гэж заасан.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийн орлого, зарлагыг тусгаснаар 2014 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг боловсруулсан. Тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсвийн 2014 оны орлого, зарлагын нийт хэмжээ батлагдаж, төсвийн ашиг, алдагдлыг тодорхойлох боломжтой юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжлээ.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын хэмжээг дөрвөн их наяд 204 тэрбум 360 сая 500 мянган төгрөгөөр, төсвийн гүйцэтгэлийн зарлагын хэмжээг таван их наяд 229 тэрбум, 168 сая 500 мянган төгрөгөөр баталлаа.
Б.Сансар
olloo.mn