Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөрийн төслийг НИТХ-д өргөн барина
“Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн төслийг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
“Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 26/08 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги” баримт бичигт Нийслэл Улаанбаатар хотын дагуул хот, тосгодод үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж хөгжүүлэхээр тусгагдсан.
Мөн Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолоор арьс ширний анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг 2017 оны 12 сарын 31-ний дотор үе шаттайгаар Улаанбаатар хотоос нүүлгэхээр шийдвэрлэсний дагуу Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг Шар хөцийн хоолойд арьс ширний анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг, Засгийн газрын 2012 оны 171-р тогтоолоор баталсан “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-т Нийслэл Улаанбаатар хотын дагуул хот, тосгодод барилгын материалын үйлдвэрүүдийг, Засгийн газрын 2011 оны 104 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад Багануур хотод нүүрс-хими технологийн үйлдвэрүүдийг төвлөрүүлэн байршуулж, үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар тус тус заасан.
Улсын болон нийслэлийн төсвөөр Эмээлт дэх үйлдвэрлэл, технологийн паркийн, Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн, Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн Техник эдийн засгийн үндэслэлийг 2011-2014 онуудад боловсруулаад байна. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу нийслэл хотоос үйлдвэрлэл, технологийн паркуудын байршил, газрын хэмжээг тогтоон “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”, “Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газруудыг тус тус байгуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна. Хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн захиргааны байгууллага болон салбарын мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулан ажилласан. Аж үйлдвэрийн парк байгуулж хөгжүүлсэн улс орнуудын туршлагыг судалсны зэрэгцээ УИХ-аас баталсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги” баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдтэй уялдуулан боловсруулсан.
Хөтөлбөр нь 3 үе шаттай бөгөөд дараахь зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд
- Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих, бизнесийн таатай орчин бүрдүүлэх;
- Хөрөнгө оруулагчдыг татах, хамтын ажиллагааг идэвхижүүлэх;
- Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, үйл ажиллагаа, хяналтын тогтолцоог төлөвшүүлэх;
- Бүтээн байгуулалтад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
- Дэд бүтэц, үндсэн барилга байгууламжуудыг барьж байгуулах;
- Паркийн хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх;
- Өндөр технологийн судалгаа, R&D болон инновацийг дэмжих;
- Жижиг дунд үйлдвэрийг чадавхижуулах;
- Худалдааг дэмжсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх болно.
Уг асуудлыг хэлэлцэх үеэр нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн тооцоог нарийн гаргаж, жил бүр хэдэн төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулах талаар тусгаж НИТХ-аар шийдвэрлүүлэх хэрэгтэй. Тооцоог тодорхой гаргасан тохиолдолд ажлууд нь бодитой хийгдэнэ гэсэн үг” гэсэн санал гаргалаа.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд, нийслэлийн үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 оны чиг хандлагын баримт бичигт тусгагдсан томоохон бүтээн байгуулалт, бодлогын ажил тул уг асуудлыг дэмжиж НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Ингэхдээ нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүний гаргасан дээрх асуудлыг нэмж тусгах үүрэг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.