Явган хүний замыг чөлөөлүүлэх ажил юу болов?
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн баталсан “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу хотын төвд явган хүний замыг хааж, таглаж барьсан барилгуудыг өнгөрсөн зургадугаар сарын 1-ий өдөр гэхэд нураах учиртай байсан. Ингэхдээ зөвхөн замыг чөлөөлөөд өнгөрөх бус чөлөөлөх зардлыг тухайн байгууллагуудаар гаргуулахаар болсон юм.
Тэгвэл Засаг даргын өгсөн хугацаа дуусаад сар гаруй болж байна.Харин явган хүний замыг чөлөөлсөн байгууллага одоогоор тун цөөн байна. Бүр тодруулбал ганц, хоёрхон газар чөлөөлсөн тухайгаа мэдэгдсэн. Эдгээр нь жижиг хүнсний дэлгүүр байсан. Харин өнөөх “Туушин”, “Метро малл” зэрэг томоохон ААН-үүд нь явган хүний замыг чөлөөлөөгүй л байна. Тэд цаашдаа ч явган хүний замыг чөлөөлөх бодолгүй байгаа бололтой.
Тэгэхээр Нийслэлийн засаг даргын захирамж цаасан дээрээ үлдэх болоод байна. Харин энэ асуудалд анхаарал хандуулж, Засаг даргын захирамжийн дагуу аж ахуй нэгжүүдийг хянаж байгаа хүн алга. Тиймээс өнөөх том толгойтой аж ахуй нэгжүүд хуулийг гууль болгон явган зорчигчдын эрхийг зөрчсөөр байна.
Сүүлийн жилүүдэд явган хүний зам дээр рекламны самбараа байрлуулж, барилга байшин барьдаг энэ үзэгдлүүд маш ихээр гарах болсон ч Нийслэлээс дээрх шиг зүйлийг ярьж чөлөөлүүлнэ гэдэг ч өнөөдрийг хүртэл биеллээ олоогүй өдийг хүрсэн.
Өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн явдаг зам дээр барилга барьсан тухай шуугиан дэгдэж байсан.Ер нь явган хүний замтай холбоотой асуудлууд үүгээр дуусахгүй. Хотын төвөөр бол явган хүний зам огт байхгүй гэхэд хэтрүүлсэн болохгүй. Албан байгууллагууд, үйлчилгээний газрууд автомашины зогсоолоо шийдээгүйгээс түүгээр үйлчлүүлж байгаа иргэд, ажилчид нь явган хүний зам дээр машинаа байрлуулдаг. Харин энэ үйлдлийг албаныхан байдаг л энгийн үзэгдэл шиг тоож авч хэлэлцэхээ больсон. Өнөөх албан байгууллагууд иргэд машинуудын голоор сүлжиж яваад сурчихсан хэмээн хээв нэг хэлээд суудаг болсон. Манайд анхнаасаа явган хүний замын асуудлыг олигтойхон шийдээд өгчихсөн бол ийм асуудал гарахгүй байлаа.
Сүүлийн жилүүдэд жилүүдэд нийслэл хотод маань зам засварын ажил хавар эрт эхэлж намар хичээл эхлэхэд ихэнх замуудаа ашиглалтад оруулж замын хөдөлгөөний ачааллыг бага ч гэсэн бууруулахаар цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болсон юм. Энэ хүрээнд энэ жилийн зам засварын ажил аль хэдийн эхэлсэн.
Гэвч сайны хажуугаар саар гэдэг шиг нийслэл хотынхоо автозамыг өргөн болгох ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа ч явган хүний замаа мартчихаад байгаа муу тал ажиглагдаж байна. Энэ нь эргээд арга хэмжээ авахад илүү төвөгтэй болж дээрх шиг байдлууд үүсэхэд хүргэж байна. Уг нь зам засварын ажилдаа холбогдох албан тушаалтнууд нь анхаарал хандуулж жолооч, явган зорчигч гээд бүгдийнх нь эрх ашгийг бодож ажлаа хийдэг бол ийм асуудал үүсэхгүй.
Ямартай ч автомашин хэрэглээ болж, зам талбайдаа багтахгүй шахам байгаа ч явган гүйх иргэд үүнээс олон байгаа.Харин тэдний явах зам жил ирэх тусам улам нарийссаар байна. Энэ асуудлыг Засаг дарга нэг мөсөн шийдээд өгвөл сайн л байна.
olloo.mn