Я.Содбаатар: Лениний музейг Өндөр гэгээний музей болгоно
УИХ-ын гишүүн, Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
–Өндөр гэгээний мэндэлсний тэгш ой энэ онд тохиож байна. Таны хувьд ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хорооны гишүүн. Ойн хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Монголын нийгэм, улс төр, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойг тэмдэглэх санаачлагыг өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газарт танилцуулсан. Энэ дагуу ойг тэмдэглэх Үндэсний хороо байгуулах шийдвэр гарч, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржоор ахлуулахаар болсон. 34 гишүүнтэй нэлээд том хороо байгуулагдсан. Ойн хүрээнд хийх ажлыг үндэсний хороо зохион байгуулна. Олон ажил төлөвлөсөн. Нэгдүгээрт, энэ сарын 25-27-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд Өндөр гэгээний бат оршил өргөх даншиг наадмыг зохион байгуулна.
Өмнө нь 1995 онд Есөнзүйлийн хөндийд, 2005 онд Хархоринд зохион байгуулж байсан. Үндэсний хорооны хурлаар нэг шийдвэр гаргасан. Өндөр гэгээн Занабазарын тэгш ойг арван жил тутамд тэмдэглэж байх УИХ-ын тогтоолын төсөл гаргахаар хэлэлцэж байна. Ямар ч нам засаг харгалзахгүй тухайн үеийн Их хурлын дэд дарга ахалж, ойг тэмдэглэх хөрөнгийг төсөвт суулгадаг байх юм. Ой тэмдэглэнэ гэхээр наадам хийгээд өнгөрөх бус соёл урлаг, төр нийгмийн өргөн хүрээтэй ажил болгох санаачлага гаргаад байна. Хоёрдугаарт, УИХ-аар Өндөр гэгээний бүтээлийн музей байгуулахаар болсон. Одоогийн Лениний музейг 2.7 тэрбум төгрөгөөр засварлаж, Өндөр гэгээний бүтээлийн музей байгуулна. Өндөр гэгээний өөрийнх нь мутрын бурхад Богдын музей, Эрдэнэ зуу хийд зэрэг олон газарт байдаг. Тиймээс бүгдийг нь нэг газарт цуглуулж олон нийтэд тэр дундаа жуулчдад үзүүлэх юм. Мөн Өндөр гэгээнтэй холбоотой архивын баримтууд, Түүх архелогийн хүрээлэнгийн Сарьдагийн хийд, Номын их хүрдийн хийдэд хийсэн малтлагаар 1000 орчим эд өлгийн зүйл гарсан. Энэ бүгдийг музейд нь дэлгэж тавих, Өндөр гэгээний өөрийнх нь болон дэг сургуулиудын бүтээлийг дэлгэн тавих зориулалтын байшин савтай байх ёстой. Энэ бол Монголын соёл урлаг төдийгүй аялал жуучлалын салбарыг сурталчлах, хөрөнгө мөнгө татах томоохон ажил болно. Гуравдугаарт, Өндөр гэгээний өөрийнх нь мутрын бурхадыг ЮНЕСКОД-д бүртгүүлэх ажлыг энэ онд хийхээр төлөвлөж байна. Үүний тулд Өндөр гэгээний өөрийнх нь биет болон биет бус бүтээлийг эрэн сурвалжлах, судалгаа хийх, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх чиглэлд шинжилгээ судалгааны ажлыг нэлээд эрчимжүүлэх шаардлагатай.
–Өндөр гэгээнийг олон нийтэд таниулах, сурталчлах чиглэлд ямар ажил хийж байна?
-Хэд хэдэн эрдмийн ажил хийж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарын Будапешт хотод олон улсын хурал зохион байгууллаа. Хуралд 17 орны 30 гаруй эрдэмтэн оролцсон. Тавдугаар сард нийслэлд “Өндөр гэгээн Занабазар-Өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Мөн л олон улсын болон манай 20 гаруй эрдэмтэн оролцсон. Эрдэм шинжилгээний хурлын эмхтгэлийг хэвлэн гаргана. 370 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлын эмхтгэлийг саяхан гаргасан. Хэд хэдэн хүн Өндөр гэгээний бүтээл, түүний талаар бүтээл туурвиж байна. Мөн баримтат кино, нэвтрүүлэх хийх, Өндөр гэгээнтэй холбоотой түүх дурсгал, соёлын газраар эрдэмтэд, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн оролцсон аяллын багийнхан өчигдөр нийслэлээс хөдөлсөн. Түүнчлэн Өндөр гэгээнтэй холбоотой уран бүтээлийн ажил нэлээд хийгдэнэ. Үүнийг төрөөс дэмжих шаардлагатай байна. Үүнээс гадна Өндөр гэгээний бүтээсэн Шанх, Амарбаясгалант хийд, Өвөрхангай аймаг дахь цэцэрлэгт хүрээлэнг нь сэргээн засварлах ажилд хөрөнгө мөнгө гаргах ёстой юм.
–Хөшөөг нь босгох гэж байгаа гэсэн. Хаана босгохоор төлөвлөж байгаа вэ?
-Төрсөн нутаг болох Өвөрхангай аймгийн Есөнзүйлийн хөндийн Тав хэмээх довцогт гэрэлт хөшөө босгож, наадам зохион байгуулахаар бэлдэж байна.
–Хоёр ч удаагийн олон улсын хурал боллоо. Хуралд оролцсон эрдэмтэд Өндөр гэгээнийг аль талаас нь түлхүү харж, ярьж байсан бол?
-Монголын түүх судлалд Өндөр гэгээнийг шашны, соёл урлагийн зүтгэлтэн гэдгээр нь илүү товойлгодог. Ялангуяа, 21 дарь эх, “Язгуурын таван бурхан”-аар нь түлхүү мэднэ. Мөн дэг сургууль бий болгосон, дорнын соён гэгээрүүлэгч гэдэг талаас нь түлхүү харуулж ирсэн. Харин төр нийгмийн зүтгэлтэн гэдэг талаасаа бага судлагдсан. Энэ нь тухайн цаг үеийн шаардлага байсан байх.
–Улс төрийн талаас нь түүнийг ярихаар урвагч, эсэргүү мэтээр ханддаг юм билээ?
-Өндөр гэгээн Занабазар нь алтан ургийн удам, түшээт ханы хүү. Алтан ургийн шууд удам учраас социализмын үед энэ талыг нь дөвийлгөж ярьж болдоггүй, тэр үеийн нийгэм, улс төрийн түүхээс авч үзвэл Оростой нэлээд холбогддог. Мөн тухайн үед байсан Зүүн гарын хаант улс, Манж Чин гүрэн болон Түвдтэй холбогддог. Энэ олон асуудлыг социализмын үед ярьж хэлж болдоггүй байсан учраас уран бүтээлч, шашны зүтгэлтэн гэдэг талаас нь түлхүү харуулж ирсэн түүхтэй. Тиймээс улс төрийн, төр нийгмийн гэдэг талаасаа буруу, түүхийг мушгисан мэдээллийг сурах бичиг, уран зохиолд мөнхөлсөн. Энэ нь ард иргэдэд нэлээд буруу ойлголт бий болгосон юм. Бодит байдал дээр тэр үеийг нь авч үзвэл тийм биш байжээ гэдгийг ойлгох боломж бүрдэж байна. Занабазар судлалын нэрт төлөөлөгч, доктор, профессор Л.Хүрэлбаатар агсны дүгнэлт нь хамгийн зөв гэж боддог. Энэ чиглэлийн судалгаа хийж байсан хүн учраас үнэхээр голыг нь олж хэлсэн, дүгнэлт гэж хэлмээр байна. Түүний 1996 онд гаргасан “Огторгуйн цагаан гарьд” хэмээх бүтээлд “Өндөр гэгээн Манжийн эзний төр, шашны сундлаа морины өрөөлтэй нүүдлийн хөлөөс улс гэрээ нүүлгэж, Түвд багш нарынхаа Манжийн бодлогын бэрсэнд шахуулж, нэгийг авч үлдэхдээ нөгөөг хаяж өгсөн нь нүүдлийг хожиж, Галдангийн далайсан илдний алдаа оноог номын ухаанаар тэгшилж, Монголын төдийгүй Түвдийг хамгаалж, гурван нүүдэл хожиж нүүсэн юм. Тийнхүү Манж нар Түвд, Монголыг хагас үмхэж байх хойгуур эзлэгдсэн Хятад их гүрний бодлого манжийг аль хэдийнэ ар бөгснөөс нь бүрэн үмхэж эхлээд байсныг тэд өөрсдөө ч бас эс мэджээ. Энэ бүхэн нь Өндөр гэгээний тухайд өнгөрсөн түүхийн үнэлгээг огт өөрөөр харж, мөшгөн шинжлэх боломжийг бүрдүүлж байна” гэж дүгнэсэн байдаг. Энэ нь Өндөр гэгээний тухайн үеийн Монгол түмнийг хохирол багатайгаар үүсээд байсан нийгэм, улс төрийн хүндрэлтэй нөхцлөөс аварч гарсан. Үнэхээр үзэж, сонссон ном эрдмийнхээ дагуу арга билгийн шүтэн барилдлагаар авч гарсан түүхтэй юм байна гэдгийг өнөөгийн бид харж байна. Тэр үед Манжтай холбоотны гэрээ байгуулж нэгдэхдээ монгол угсаатныг, монгол цусаа хамгаалах нарийн гэрээ хийж, өөрөө 88 нас хүрч тэнгэрт халих хүртлээ Манжийн бодлогод нөлөөлж, Монголын талаар явуулах бодлогыг тусгайлсан бодлого болгох, Манж Чин гүрний дотор нөлөө бүхий үндэстнээр Монголыг байлгах, Манжийн төрийн бодлогоор дамжуулж Монгол үндэстэн, улсаа аварч гарсан түүхэн гавьяатай хүн. Орос, Манж Чин гүрний хаантай харьцаж байсан үеийн түүхэн баримт хуралд нэлээд тавигдсан. Оросын эзэн хаантай гурван удаа хэлэлцээр хийж, 10 гаруй удаа захидлаар харилцсан байдаг. Тухайн үед Дорнод талд Оросын эзэнт гүрэн, Манж Чин улс дэлхийд хүчирхэг гүрэн байсан. Тэрхүү хүчирхэг гүрний хаадтай нэгэн зиндаа мэт харьцаж улс орноо авран гарсан нь яах аргагүй түүхэн гавьяа гэж харах ёстой. Түүхэн талаасаа ч гэсэн энэ бүгд нотлогдож байгаа юм. Зүүн гарын хаант улс Халхын хоорондох маргаан мэтгэлцээний дундуур Манж, Орос ялангуяа, Түвдийн тэр үеийн Ерөнхий сайд Санжаажамцын гар хөл нэлээд орж бусниулсан байдаг. Манай улсын тусгаар тогтнолд гадны нөлөөлөл, оролцоо их байжээ гэдэг нь өнөөгийн түүх судлалаар нэлээд гарч ирж байгаа. Монголчууд бид цөөхүүлээ ард түмэн. Тиймээс түүхэн үнэнийг түүхэн цаг үед нь түүхийн хөдлөшгүй баримтаар нотолж үзэх нь зүйтэй гэж бодож байна. Түүнээс биш мушгин гуйвуулж түүхэн хүмүүсийг хооронд нь зөрчилдүүлэх байдлаар, түүхэн үйл явдлыг хооронд нь зөрчилдүүлэх байдлаар түүхэн асуудалд хандаж болохгүй.
–Энэ жилийн даншиг наадамд хэдэн бөх барилдах бол?
-Өндөр гэгээнийг таван настай байхад Монголын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзан дамбын дүрд тодруулж бат оршил өргөх наадам хийж байсан түүхтэй. Энэ түүхэн үйл явцыг 1995 онд дахин сэргээж, Өндөр гэгээний 360 жилийн ойг тэмдэглэж байсан. Өндөр гэгээний ойд хүчит бөхчүүд эр бяраа гайхуулж, хурдан хүлгүүд шандсаа сорьдог. Хүмүүсийн хүсэн хүлээдэг томоохон баяр наадам. Энэ жил ч гэсэн Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа учраас том арга хэмжээ болно. Морин уралдааны хувьд бүсийн хэмжээний том уралдаан болно.
–Бидэнд бахархах зүйлс олон. Гэхдээ яагаад заавал Өндөр гэгээний ойг ийм нүсэр тэмдэглэх ёстой гэж?
-Монголын төдийгүй гадаадын эрдэмтэдтэй уулзаж байхад Монгол үндэстнээс дэлхийн тавцанд гарч хүлээн зөвшөөрөгдсөн гурван хүн бий гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, дэлхий хүлээн зөвшөөрсөн гурван хүн бий. Тэр нь Эзэн Чингис хаан, Их Юань гүрнийг байгуулсан Сэцэн хаан Хубилай, Өндөр гэгээн Занабазар юм. Тэгэхээр Өндөр гэгээн бол зөвхөн өвөрхангайчуудын бахархал бус монголчуудын дэлхийн хүн төрөлхтний суут хөвгүүн юм. Тиймээс энэ талаас нь хандаж, Занабазар судлалыг олон улсад шинэ шатанд гаргаж хөгжүүлээсэй гэж хүсч байна.
Зууны мэдээ
Э.Орхон