Р.Болд:Хүүхэд харах үйлчилгээний хуулийг баталсан нь нийгмийн захиалга байсан

-Ерөнхийлөгч бяцхан иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэлээ-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг  өчигдөр орой цаг сунган хуралдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталлаа. Хүүхэд харах үйлчилгээ нь Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртөө багтаасан нийгмийн чухал асуудлын нэг юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болдоос зарим зүйлийг асууж тодруулав.

-Энэ хууль батлагдсанаар нийгмийн чухал асуудлын нэгийг шийдвэрлэлээ гэж иргэд үзэж байна. Ийм хуультай болсноор халамж, үйлчилгэний шинэ хэлбэр гар ч ирлээ гэж хэлж болох уу?

-Тэгж үзэж болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 онд болсон ээлжит сонгуулиар нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгогч олон түмэнтэй уулзаж ярилцаж байхад хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ хангамж, бага насны хүүхдүүдийн өсөж торних эрх, аюулгүй байдлын асуудал иргэдийн зүгээс ихээр тавигдаж байсан юм. Түүнчлэн эцэг, эхчүүд ажилтай, орлоготой байх нь хүүхдийн цэцэрлэгээс хамаарч буйг онцлон хэлж тодорхой арга хэмжээ авч өгөхийг захиж, хүсч байсан.

Сонгогчдын энэхүү хүсэлт захиасыг биелүүлэхийн тулд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүхдийн өсч торних эрх, аюулгүй байдлыг хангасан хүүхэд харах үйлчилгээг бий болгох зорилтыг бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөртөө дэвшүүлсэн юм.

Хэдийгээр төр, засгаас шинээр барих цэцэрлэгийн тоог жилээс жилд нэмэгдүүлж байгаа боловч хүчин чадал нь хүрэлцэхгүй байна. Нэг бүлэгт байвал зохих хүүхдийн ачаалал төв суурин газарт бараг хоёр дахин их байна.

Үүний зэрэгцээ 2-5 насны арван хүүхэд тутмын гурав нь гэртээ цоожлогдон үлдэж байна. Энэ нь эрсдэлтэй байдалд бид үр хүүхдээ үлдээж байна гэсэн үг. Гэртээ үлдсэн хүүхдүүд гал усны аюулд өртөх, бэртэж гэмтэх, өвчлөх нь нэмэгдэх хандлагатай байна.

Иймд хүүхдийг эрсдэлгүй, эсэн мэнд өсгөх, мөн эцэг эхчүүд өөрсдийн ажил, бизнесээ сэтгэл зовнилгүй эрхлэх, гэр бүлийн эдийн засгийн чадавхиа тогтоон барих, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор бага насны хүүхэдтэй өрх гэр бүлд чиглэсэн нийгмийн халамж, үйлчилгээний шинэ хэлбэрийг хөгжүүлэх, манай нийгмийн өмнө тулгамдсан энэ чухал асуудлыг төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьж өчигдөр орой батлаад байна.

“Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийг баталснаар цэцэрлэгт явалгүй гэртээ үлддэг олон мянган хүүхдийн асуудал нааштайгаар шийдэгдэж байна.

-УИХ-ын зарим гишүүн энэ үйлчилгээг стандартгүй, төсөв мөнгө байхгүй учраас хэрэгжүүлэх боломжгүй гэж эсэргүүцэж байсан?

-Хүүхэд харах үйлчилгээ нь албан ёсны стандартад суурилсан боловсрол, сургалтын бус хүүхдийн эрхийг хамгаалж, хөгжлийг дэмжсэн нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээ байна гэсэн үзэл баримтлалтай юм. Нэгэнт бид ойрын жилүүдэд цэцэрлэгийн хангамжийн асуудлыг 100 хувь шийдэж чадахгүй тул ийм үйлчилгээг хүссэн хүсээгүй сонгохоос аргагүй. Юуны өмнө бяцхан үрсээ эрсдэлгүй, эрүүл энх өсгөж торниулах нь бидэнд хамгийн чухал. Энэ бол дээд эрэмбэ.  Хүний амь нас, эрүүл мэндээс илүү чухал зүйл гэж юу байх вэ.

Уг хуульд хүүхэд харах үйлчилгээнд баримтлах зарчим, тавигдах шаардлага, хориглох зүйлийг маш тодорхой зааж өгсөн байгаа. Мөн үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, оролцогчдынх нь эрх, үүрэг, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг хуульчилсан.

Хүүхэд харах үйлчилгээ нь өөрийн гэсэн стандарттай байна. Стандартыг эрх бүхий байгууллага баталж мөрдүүлнэ. Мэргэжлийн хяналтын байгууллага, хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч хяналт тавина. Үйлчилгээний зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгоно.

Хүүхэд харах үйлчилгээнд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг жил бүр улсын төсөвт тусгаад явах юм.

-Хуулийг хэзээнээс эхэлж мөрдөх вэ?

-Хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газар зохих бэлтгэлийг хангаад 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө. Энэ дашрамд уг хуулийг хэлэлцэж батлуулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласан УИХ-ын эрхэм гишүүн Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, З.Баян-Сэлэнгэ, Д.Арвин нарыг онцлон дурдах нь зүйтэй.

 

President.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button