Куба, АНУ-ын харилцаа сайжирсаар байна
Дипломат харилцаа нь тасалдаж, хагас зууны турш сөргөлдөөнтэй байж ирсэн АНУ, Куба улсын харилцаа сэргэх үндэс суурь өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас эхлэн тавигдаж эхэлсэн билээ. Энэ ч утгаараа олон улсын анхаарлын төвд байх болсон юм. Хоёр улсын харилцаанд түүхэн өөрчлөлт гарсанаар АНУ ч өмнөх улс төрийн бодлогуудаа эргэн харж, хоёр улсын харилцаа тасарснаас хойших анхны дээд хэмжээний уулзалтыг Обама болон Кубын Ерөнхийлөгч Раул Кастро энэ оны дөрөвдүгээр сард хийсэн байдаг.
Үүгээр зогсохгүй терроризмыг ивээн тэтгэгч улсуудын жагсаалтаас Кубыг энэ оны тавдугаар сард хассан гээд АНУ, Куба хоёр улсын харилцааңд томоохон эргэлт гарч байгаа юм. Харин олон улсын хамгийн их сонирхож буй Элчин сайдын яамдыг хэзээ байгуулах нь эдүгээг хүртэл тодорхойгүй байсан бол хоёр улсын Төрийн тэргүүнүүд тохиролцоонд хүрч, Кубын Элчин сайдын яам энэ сарын 20-нд Вашингтон хотноо нээгдэхээр болсон тухай Ерөнхийлөгч Б.Обама мэдэгдлээ.
Ийнхүү 54 жилийн дараа Кубын Засгийн газар болон ард түмэнтэй харилцаагаа хэвийн болгоход чиглэсэн “түүхэн алхам”-ыг хийж байна. Өнгөрөгч лхагва гарагт АНУ- ын Ерөнхийлөгч Б.Обама, Кубын төрийн тэргүүн Рауль Кастро нар хувийн захидал солилцож, энэ сарын 20-ны өдөр АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си, Кубын нийслэл Гавана хотуудад хоёр улсын Элчин сайдын яамыг дахин нээх тохиролцоонд хүрчээ. Рауль Кастрогийн хувьд Б.Обама Ерөнхийлөгчид илгээсэн хувийн захидалдаа хоёр орны ард иргэд болон Засгийн газар нэг нэгийгээ харилцан хүдэтгэн, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн байна.
Улмаар энэ сарын 20-ны өдөр Кастро Гадаад хэргийн сайд Бруно Родригиз Парриллаг илгээж, Вашингтон хотноо элчин сайдын яамаа дахин нээхээр төлөвлөжээ. Харин Кубад АНУ-ын Элчин сайдын яамыг хэзээ нээхийг тодорхойгүй ч, Б.Обама “Энэ зуны сүүлээр Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Гаваннад албан ёсны айлчлал хийж, улсынхаа Элчин сайдын яамны дээвэр дээр дахин тугаа намируулах болно” хэмээн мэдэгдээд байна.
Түүхийн хуудсыг сөхвөл, хоёр улсын харилцаа Кубын хувьсгалаас хоёр жилийн дараа буюу 1961 онд тасарчээ. Кубын хувьсгалын толгойлогч Фидель Кастрогийн авч хэрэгжүүлсэн бодлогоор АНУ-ын иргэдийн эзэмшиж байсан чихрийн нишингийн талбай, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг хураан авч, үндэсний баялаг болгон зарласны улмаас 1961 оңд дипломат харилцаагаа тасалж байсан түүхтэй. Харин үүний хариуд АНУ эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэнээр 1962 онд хоёр орны харилцаа эцэстээ тултал мууджээ.
Б.Даваахүү