Суурь инфляци 10.2 хувийн өсөлттэй гарав
Суурь инфляцийн түвшин 2013 оны 11 дүгээр сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрлээ.
Өөрөөр хэлбэл инфляцийн инерцийг хэмжих зорилгоор Монголбанкнаас тооцдог суурь инфляци 2015 оны тавдугаар сарын байдлаар жилийн 10.2 хувийн өсөлттэй гарсан байна. Суурь инфляцийн түвшин улсын ерөнхий инфляци болох найман хувиас хэдийгээр дээгүүр тогтсон ч зөрүү нь ойртсоор байгаа юм.
Монголбанкны инфляцийн төлөв байдлын тайланд тусгаснаар төлбөрийн тэнцлийн хүндрэлийн улмаас 2013 оны долдугаар сараас эхлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларч эхэлсэн байна. Харин өнгөрсөн тавдугаар сард ам.доллар, юанийн ханш суларч төгрөгийн ханш чангарснаар импортын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх нөхцөл бүрдэж суурь инфляци буурахад голлох нөлөөг үзүүлжээ.
Суурь инфляци нь улирлын чанартай болон хэт богино хугацаанд үнэ нь хэлбэлздэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглээний сагснаас хасч тооцсоноор дунд болон урт хугацаанд үнийн өөрчлөлтийг бодитойгоор тооцох боломж олгодог байна.
Харин 2013 оны гуравдугаар сараас эхлэн суурь инфляцийн түвшин ерөнхий инфляциас дээгүүр тогтох болсон ажээ.