Баянмөнх хайрханыхаа ар бэлд зусах алдарт уяачийнх

“Би хүүхэд байхын моринд дуртай. Зуны амралт эхэлсэний маргааш хэдэн цамц, өмдөө баадагнаж  аваад авгындаа очно.  Тэднийх  хэдэн сайхан хурдан хүлэгтэй. Тэрхүү  хурдан буяных нь нэгийг ч болов унаж, наадамд уралдах гэсэн дээ л тэр шүү дээ.  Эртхэн очихгүй бол хонины номхонтой л зунжин найзлах хэрэг гарна. Тэр үед хурдны морь унах  хүсэлтэй хүүхэд олон.  Одоо морь унах хүүхэд олдохгүй, олдсон ч өндөр хөлс нэхдэг болсон” хэмээн хууч хөөрөх эрхэм бол Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн алдарт уяач  Жалбаагийн Энхбаатар. Тэднийх  энэ жил аймгийнхаа  төвөөс холгүйхэн  бага Баянмөнх хайрханы ар бэлд зусландаа буучихсан, арав гаруй азаргын 300 –гаад  адуу нь талаар нэг  багширч,  саяхан  төрсөн нялх унаганууд  зэлэн дээрээ үүрэглэн, эхийнхээ тургилах  дуунаар бондгосхийн цочин  хойш суун зулрах  нь Монголын их талд зун айлссаныг илтгэх авай. Гэрийн эзэн удахгүй болох  бага сунгаанд гал шар, мөрөн, баянмөнх угшлын  зургаан насны хурдан хүлгийнхээ тоосыг үзэхээр морьдоо барьчихсан завгүй байна билээ. Түүнтэй хурдан мориных нь уяан дээр ярилцсан юм.

-Аятай сайхан зусч байна уу, та?

-Мэнд ээ, амар. Та бүхэн сайхан зусч байна уу.

-Сайхан зусч байна. Танайх жилийн жилд энэ л хөндийдөө зусдаг уу. Үнэхээр адууны нутаг  юм аа, энэ хангай?

-Хэнтий  бол үнэхээр адууны нутаг.   Тэр утгаараа  гал шарын хурдан хүлгүүд  халх  дөрөв, шавь таван  аймагт хэзээнээсээ алдартай байсны нууц  нутгийн сайханд оршдог  болов уу. Алдарт уяач Сүрэн хорын хээр гэхэд л энэ л хөндийн унага байх жишээний.

-Бага сунгаа болох гээд уяачид хийгээд унаач хүүхдүүд завгүй байгаа   бололтой. Танайх энэ наадамд  хэдэн насны хэч­нээн  хурдан хүлгийн тоос үзэхээр уяа сойлгыг нь тааруулж байна вэ?

-Манайх энэ жил зургаан насанд арав гаруй хурдан хүлэг уралдуулахаар сойж эхэлсэн. Зэлэн дээр байгаа хурдан хүлгүүд бүгд минийх биш ээ.  Гурван  найзын маань  хурдан буянууд бий. Би уяа сойлгыг  нь ерөнхийд нь тааруулдаг гэх юм уу даа.

-Аймгийн алдарт уяач гэх цолыг хэдэн жил хөдөлмөрлөж байж хүртэв?

-Би их олон жил морь уяж байна. Хүүхэд байхаасаа л авга ахаа дагаж, морь уясан.  Алдарт уяачийн тухайд сүүлийн арван хоёр жилийн хөдөлмөрийн үр дүн. Тодруулж хэлбэл, миний уясан хурдан буянууд  арван хоёр жил  аймаг, сумын наадамд   тогтмол  давхиснаас сүүлийн гурван жил айраг, түрүүг нь авсан. 

-Жаахан хичээгээд өгвөл морь уяж чадах юм байна хэмээн өөрийгөө үнэлсэн тэр наадмыг эргэн дурсвал?

-Манайх шүдлэн насны  халтар, шарга зүсмийн хоёр сайхан   азаргатай  байлаа. Түүнийгээ л уяна, өөр уяая гэх нь ээ ч  морь байгаагүй. Тэр жил, 2006 онд Өлзийт САА-н ой болж, хоёр хурдан хүлгийн маань нэг түрүүлж, нөгөө нь тавд  хурдалсан. Мөн ч гоё байж билээ. Үүндээ урамшаад  тав хоногийн дараа  аймгийн наадамд морьдоо уралдуулсан чинь айрагдаж, дөрөв,  тавд хоёул давхисан. Эл наадам надад маш их урам хайрласан, хөөрч догдлосондоо бараг л нисэх шахаж явлаа.  Үнэнээ өчихөд арван хэдэн жил морь уяахдаа түрүү магнай хүртэх нь бүү хэл, овооны жижиг наадамд ч айрагдуулж үзээгүй байсан юм чинь. Тийм  л уяач явлаа шүү дээ, би. Цаг хугацаа нь болоогүй бол болоогүй л байдаг юм билээ. 2006 оноос хойш аймаг, сумын наадмаас ганзага хоосон ирж үзээгүй. Бурхан өршөө. 

-Танай унаган адууны угшил?

-Би  тээврийн жолоочийн хүү. Тиймээс аймгийн төвд хүүхэд нас маань өнгөрсөн.  Хамаатан садныхаа адуу малтай ноцолдож өссөн болоод тэр үү Хэрлэнгийн эрэг дээр адуу манаж хонох  шиг жаргал надад байгаагүй.  Намайг  дунд сургуулиа дүүргэсэн тэр жил аав маань тэтгэвэрт гарч дүүгээ бараадан хөдөө, мал дээр гарсан. Адуу гэхээр нойргүй хонох шахдаг миний хувьд аз тохиож, сургуульд явах бус адуучин  болохоор шийдсэн. Аав маань ч миний адуунд хорхойтойг мэдэн  энд тэндээс ганц нэг угшил сайтай  адуу худалдан авснаар  цөөн боловч  өөрийн гэсэн  унаган  адуутай болсон. Эдний үр удам нь миний хайртай халтар азарга,  шарга азарга. Түүний үр төл эдүгээ өсч үржин Баянмөнхийн хөндийд багширч байна даа.  Манай адуунд  гал шарын үр төл ч бий, мөрөн,  баянмөнх угшлынх ч байгаа.  Миний ах Ж.Энхтөр  маань адуу маш сайн танидаг . Ах бид хоёр удам угшил сайтай  азаргыг хөгшин гэж гололгүй худалдаж авдаг учраас  буян хишгээ харамгүй хайрладаг байж болох юм. Баянмөнх угшил бол ах бид хоёрын бий болгосон үүлдэр.

-Тэгвэл ах тань мундаг, сүрхий уяач байх нь ээ?

-Хүний сонирхол  хачин шүү. Ах маань морь шинжиж танихдаа гаргуун атлаа морь уядаггүй. Тэс ондоо зүйл сонирхоно гээч. Миний хувьд нүдний үзүүрт явдал хөнгөн, зүс сайхан морьд  харагдах юм бол очиж байж санаа амрах нь бий. Монголын бүхий л хурдан хүлгүүдийн удам, угшлыг  гадарлахтайгаа болжээ.  Тэр аймагт тэдний унаган адууны үр төл  худалдагдсан гээд л. Ер нь бүхий л уяачид миний ижил хурдан хүлгүүдийг бүртгэж суудаг юм. Энэ утгаараа битүү морьд улсад түрүүлсэн дуулдвал  гэртээ тогтож сууж чадахгүйгээр үл барам цаг зав гаргаж байгаад нутагт нь гүйгээд хүрнэ шүү дээ. Үнэ таарвал өөрийнх болгохыг санаархахгүй хэн байхав. Адуу гэдэг амьтан өөрөө ийм шидтэй  юм хойно яалтай билээ.

-Баянмөнхийн хөндийд адуу багширч, дөнгөж буусан гэрийн тооноос аргалын шингэн утаа суунаглаад сайхан байна, энэ үдэш. Уяач хүүгийн өгүүлснээр энэ хэдэн гэр бүгд Хэрлэн сумын уяачид гэнэ. Галын ахлагч нь та юу?

– Та зөв ойлгож. Хэрлэн сумын уяачид жилийн жилд   нэг гал болж явдаг. Хэдхэн хоноод бага сунгаа болно, түүгээр  морьдынхоо өнгийг шинжиж, хэн нь хаана уралдахаа тогтдог заншилтай. Онд тарга хүч сайтай орсон болоод тэрүү адууны өнгө их сайхан байна. Энэ жил хоёр сум ойтой. Түүнд  явах санаа бүгдэд нь бий биз. Дунд сунгаа долдугаар сарын 03-нд болно. Түүгээр  асуудлыг шийднэ.

-Танд улсын наадамд хурдан хүлгийнхээ тоосыг өргөх сонирхол бий л биз дээ

– Уяач хүн бүхний чин зүрхний мөрөөдөл нь улсад  морьдынхоо тоосыг өргөх явдал шүү дээ.  Миний тухайд цаг нь болоогүй байна. Бүс, даншиг наадамд морьд маань түрүү магнай болсны дараа улсад уралдана. Тэр болтол лав таван жил зүтгэх хэрэгтэй.

-Хамгийн анх худалдаж авсан адууны үр төлөөс морины уяан дээр байна уу?

– Байлгүй яахав. Хамгийн анх би хоёр гүү худалдаж авсан юм. Шарга гүүний үр төл өсч үржээд  20 шахам болсон. Саарал гүүний үр төл ч бий.  Тэр сартай  хээр азарга, хул үрээ,  байна,  түүний цаана байгаа бүгээн зүсмийн шүдлэн, хар азарганы төл буурал гээд.

-Адуучин хүний жаргал гэж юуг хэлэх вэ?

-Сартай шөнө адуугаа манах шиг жаргал хаа байхав. Хавар  гүү унагалахыг хүлээх бас жаргал. Өглөө адуун дээр давхиад ирэхэд бодож санаж байсанчлан сайхан унага төрсөн байх аваас хүүтэй болсон юм шиг л баярлана шүү дээ.

-Эр, охин унаганы алинд нь ач холбогдол өгдөг вэ?

-Мэдээж,санасан гүүнээс минь эр унага төрөхөд магнай хагартал баярлах нь бий.  Охин унага төрж гээд голж  болохгүй л дээ. Адуу өсч үржих нь гээд баярлаж л зогсдог.

-Сүүлийн үед хурдны морьдыг хүүхдээс илүү бөөцийлж, хүчтэй тариа тарьж уралдуулах юм. Энэ нь  жинхэнэ утгаараа адууны шандсыг шалгаж буй хэрэг мөн үү?

– Үнэнийг хэлэхэд адууг ойр ойрхон уралдуулахаар ядарч сульддаг. Тиймээс сэргээх зорилгоор шингэн залгадаг.  Би ч гэсэн залгадаг. Харин тэрхүү шингэн нь  үр дүнтэй,  зөв эсэхийг би хувьдаа хэлж мэдэхгүй.Санаа дагаад тэр байх, маргааш өглөө нь сэргэчихсэн байдаг юм.  Хүчтэй эм тарианы тухайд хөдөөний бидний мэдлэг хүрэхгүй. Морьдын уралдааныг бизнес болгосон уяачдын хувьд хамгийн өндөр үнэтэй эм тариа, уургаар эмчилж хүчийг нь авахуулдаг байж мэднэ.  Хөдөөний боргил уяачид  бор зүрхээрээ л яваа.

-Таны ярианаас анзаарахад уяачид сонирхол, бизнес гэсэн хоёр ангилалд хуваагддаг юм байна, би зөв ойлгож уу?

-Ерөөсөө тийм. Эр хүний чимэг эмээл, хазаартай сайхан морьд гэдэг биз дээ. Эдүгээ ч хурдан морь байсаар байгаа. Бэл бэнчинтэй болсон хүмүүс сайн сайхныг билэгдэн хурдан морь худалдан авч уяачдаар уяулах болсон. Улс, аймагт түрүүлбэл бай шагнал нь ийм байна гээд. Чадаж байгаа юм хойно, яалтай. Гэхдээ уяач бүхэнд тийм боломж олддоггүй. Улсад нэр зүсээрээ тодорч байж тийм яриа хэлэлцээрт ордог байх аа. Миний тухайд хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж яваа эр хүн.

-Эхний үсэргээ хэдийд вэ?

-Энэ сарын 29-нд Хэрлэнгийн хөвөөнд болно. Хоёр найз маань Гал шард уяачдыг бүсийн  зөвлөгөөнд явсан. Тэдний ирэхийг хүлээж байна. Сонин болгож ярих юмтай ирэх байх.

-Сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах нь адуучин бүрийн бодол биз дээ?

-Тэгэлгүй яахав. Хэрээ хөхөөг дууриайж хөлөө хөлдөөв гэгчээр би өнгөрсөн жил  эрлийз адуу  худалдаж авсан. Адууныхаа үүлдэр угсааг сайжуулах гэсэн санаагаар монгол гүүтэй нийлүүлж, цус холилдуулсан. Одоогийн байдлаар  гурван эр, нэг охин унагатай болсон.  Цус холилдсон адуу цаанаа өөр байдаг. Сүргийн зүс эрс сайжраад явчихдаг юм.  Сүүлийн үед гал шарын адуу гэж нэг их ярихаа болиод байгааг та анзаарсан байх. Энэ чинь цус холилдуулж, үүлдэр угсааг нь сайжруулахгүй байгаагийн гор шүү дээ.

-Унаач хүүхэд ховордож, тэр хэрээр асуудал үүсдэг бололтой.  Унаач хүүхдүүдийн ихэнх нь төв суурин газрын ахуй амьдрал тааруу гэр бүлээс гаралтай байх юм. Шулуухан хэлэхэд, хөлсний хүүхэд гэж нэрлэмээр ч юм шиг?

-Би  ч бас танд санаж бодож явдаг зүйлээ шулуухан хэлье.  Шинэ, залуу  гэр бүлүүд  нэгээс  хоёр хүүхэдтэй байхыг  эрхэмлэх болж.  Үүнтэй зэрэгцээд  залуучууд малаас зугтах  болсон зэрэг нөлөөлсөн.  Хөдөө, орон нутагт  хурдны морь унах хүүхэд олдохгүй байгаа нь  үнэн.  Аргаа барсан уяачид төв суурин газраас морь унах сонирхол бүхий хүүхдийн эцэг, эхтэй гэрээ хэлцэл  хийгээд дагуулж ирдэг.  Хэдэн насны хэчнээн морь унахаас шалтгаалан ханш нь өөр өөр. Миний багад хүүхэд нь олдоод унах  морьд олддоггүй байлаа. Манай унаач хүүгийн тухайд ахын маань бага  хүү. Таван настайгаасаа л намайг дагаж яваа . Ах нь энэ жилээс  морь унахаа больж, туслахын үүрэг гүйцэтгэх болсон. Муухан уяачаас илүү туршлагажсан хүү дээ.  Отгончулуун маань  ирэх намар гуравдугаар  ангид сууна. Ирэх жил уралдаад л дааганд хүнддэх байх.    

 

Э. Отгончулуун:  Түрүү магнай болсондоо  эхлээд итгэхгүй байсан

-Миний дүү хэдэн настайгаасаа морь унав?

-Гурван насатайгаасаа морь унаж сураад тавтайгаасаа хурдны  морь унаж эхэлсэн.

-Чамайг уяан дээрээ очиход морьд тань таних уу?

-Танина.

-Яаж?

-Үнэрлээд л байдаг юм. Танихгүй хүүхэд ирвэл үргээд л, хамраа дуугаргаад  сүйд болдог. 

-Миний дүүд зүсэлж өгсөн унага, даага  бий юу?

-Байгаа. Нэг унага бий. Унагандаа бас унадаг бүх мориндоо  хайртай.

-Ирэх наадмаар хэдэн насны морь унах вэ?

-Дөрвөн насны морь унана.

-Ах тань уралдааны замд гарахын өмнө юу гэж захидаг вэ?

-Уралдааны замд тонгойж яваарай, ахынхаа захиасыг мартаж болохгүй шүү  гэдэг.

-Ямар тохиолдолд тонгой­дог юм бэ?

-Салхи сөрж давхихад нүднээс нулимс асгараад их хэцүү.  Тиймээс тонгойдог. Бас морины хөлөөр чулуу үсэрч мэдэх тул тонгойж явах нь аминд өлзийтэй.

-Өнгөрсөн жил унасан  морь  нь  түрүүлсэн байна. Тэр үед ямар сэтгэгдэл төрж байв?

-Их гоё байсан. Түрүү магнай хэмээн цоллуулж зогсохдоо л итгэсэн.

-Хүүхдүүд уралдааны замд бие биеэ  шахах явдал гаргадаг уу?

-Гаргадаг. Зарим том хүүхдүүд шахсаар байгаад уралдааны замаас гаргаж орхидог.

-Өвлийн морины уралдаанд оролцож үзсэн үү?

-Хоёр удаа уралдсан.

-Хэцүү байсан уу?

-Энэ жил дулаахан байсан болохоор гайгүй. Түүний өмнөх жил хацар хайрагдаад хэцүү байсан.  

Хүү ингэж хэлээд морьдоо идүүлэхээр уяа руугаа одсон.

 

Монголын мэдээ

Ч.Чулуунцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button