Б.Түвшинбаяр: Олон баг, харваачдын дундаас аварга болно гэдэг амаргүй байсан

Шагай харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний талаар Өмнөговь аймгийн багийн ахлагч, Тамгын газрын дарга Б.Түвшинбаяртай ярилцлаа. 

Улсын аваргын тэмцээнд хэд дэх удаагаа оролцов?

-Улсын аваргын тэмцээнд гурав дахь удаагаа оролцож байна. Манай аймгаас зургаан баг ирж оролцсоноос хоёр нь шигшээ наймд шалгарч манай баг алт, мөнгө, өөр нэг баг маань хүрэл медаль хүртлээ. Энэ жил 71 багийн 695 харваач оролцсон байна лээ. Энэ олон баг, харваачдын дундаас аварга болно гэдэг амаргүй байсан. Манай багт нэг үеийн 20 гаруй насны залуучууд байгаа. Есөн сайхан залууг авч шагай тоглож байна. Нэг багт 7-9 хүн байдаг. Төв аймгаас зохион байгуулдаг “Энх мэндийн харваа” тэмцээнд манай баг мөнгөн медаль хүртсэн.

Ер нь бүх спортын төрөлд улсын аварга шалгаруулна гэдэг хамгийн том тэмцээн юм. Өнгөрсөн онд шагайн харваачдын холбооны хамгийн том хурал болж дүрмээ өөрчилсөн. Багийн өрж харвахыг дээр үеийн уламжлалыг сэргээгээд бүх тоглолтын дэг жаягыг уламжлал руу нь шилжүүлсэн. Уламжлал, шинэчлэл гэж явагдаж байна.

Шагай харваагаар яаж тоглодог юм бэ?

-Хоёр тал найм наймаар 16 хасаа өрж тоглодог байсныг сүүлд нэг нэг хасаа тавиад тулж харваж тоглосон юм. Монголчууд анх шагайг Чингисийн үеэс авахуулаад тоглож байсан түүх байдаг. Хуучин ямар дэг жаягтай байсан түүн рүү нь оруулж тоглоё гэсэн шийдвэрт хүрч их хурлаар дүрэм батлаад тоглоод явж байна.

Дээр үеийн дэг жаяг өнөөдрийнхөөс хэр өөрчлөгдсөн бол. Шинэчлэлт өөрчлөлтийг яг юун дээр нь хийж байна вэ?

-Өөрчлөгдөөгүй. Өнөөдрийн дэг жаяг яг хуучныхаараа тоглож байгаа. Шинэчлэлт, өөрчлөлт гэдэг нь олон баг, харваачдыг тус тусад нь бүс, зон болгоно гэж ярьж байгаа юм. Зон болгоод зоноос нь шалгаруулаад тоглож байгаа олимп систем гэдэг ч юм уу оноолт хийж харвадаг систем рүү оруулсныг өөрчлөлт, шинэчлэлт гэж байгаа юм. Зарим өөр тоглоомд тулаа харваа гэж бий. Тулж харвадаг. Мөн спортын мастерын цол, зэрэг олгодог. Үүнд дэд мэргэн, мэргэн, гарамгай мэргэн, дархан мэргэн, үлэмж дархан мэргэн гэсэн цол чимгийг тусгай болзол, журамтай болгоё. Тухайлбал, 3-4 түрүүлсэн багт мэргэн цолыг олгодог шинэчлэлийг уламжлалтаараа хийж өгч байгаа. Тойрмын харваа гэж дээр үед болдог том харваа байсан. Үүний хуучин уламжлалыг сэргээгээд дээр үед манай ахмад харваачид тойрмын харваа гэж тоглодог байсан газруудад нь тойрмын харвааг зохион байгуулж байгаа. Мөн энэ жил хөдөө аралд Хэрлэн голын хөвөөнд эзэн Чингис хааныхаа төрж өссөн газарт нь жишиг тойром гэж Монгол Улсын хэмжээнд тоглодог бүх баг, харваачдыг урьж өргөн дэлгэр шагайн харвааг наймдугаар сарын 7-9-нд зохион байгуулах гэж байна. Энд бүх баг очих ёстой. Улсын аваргын тэмцээнд аймгийнхаа аваргыг шалгаруулаад тэндээс эхний таван баг тутмын нэг нь ирж тоглодог. Харин жишиг тойрмын харваан дээр эх орны өнцөг булан бүрээс ирж тоглох юм.   

Шагай харвааны онцлог нь юу вэ?

-Шагай харваа бол ахмад настнуудаа хүндэлдэг, их эрэмбэтэй, ёс жаяг, дэгтэй байдаг. Хүн харахад сум тавиад сууж байгаа юм шиг хэрнээ дотроо их дэг жаягтай, нэгийгээ, ахас дээдсээ хүндэлсэн ийм сайхан уламжлалтай.

Сур, шагай хоёрт уухай гэж байдаг. Энэ талаар…?

-Уухай нь Монголын уламжлалын бас нэг биет бусын өвийн нэг хэлбэр нь байгаа юм. Энэ жил манай шагайнд томоохон тэмдэглэлт үйл явдал болж байгаа. Өнгөрсөн хавар Монголын уламжлалт шагай харвааг дэлхийн соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-д бүртгүүллээ. 10 гаруй жил үе үеийн шагайчид маань өв соёлоо ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж явсан нь ёсоор болж Монголын шагай соёлын том биет бус өв юм байна хэмээн бүртгэж авсан нь сайхан үйл явдал болсон.  

Та энэ спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?

-1985 оноос эхлэн шагай харваж байна. Монголын үндэсний уламжлалт тоглоом. 1998 оноос хойш улсын баяр наадмын нэг төрөл болж ирсэн. Оюутны ширээнээс мэргэжилтэн болж хөдөө орон нутагт очиж шагай харвааг сонирхож тоглосноос хойш орхиогүй. Монголдоо, аймагтаа шагайг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллаж байна. Надаар ахлуулсан Өмнөговь аймгийн Тамгын газрын баг тамирчид маань амжилттай оролцож аймаг, орныхоо нэрийг гаргаж 25 дахь удаагийн улсын аваргаас алтан медаль авсандаа баяртай байна. Зургадугаар сард идэрчүүдийн улсын аварга болсон. Эндээс манай багийн харваачид мөнгөн медаль авсан байгаа. Мөн хувийн цуваа харваанаас манай аймгийн өсвөр үеийнхэн алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээний хувийн цуваа харвааны алтан медалийг манай аймгийн залуу хүртлээ.

 

Зууны мэдээ

Р.Оюун

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button