Хөршийн хяналт хөтөлбөрийг баталлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвхи санаачилгад тулгуурлан амгалан тайван байдлын тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөршийн хяналт хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг баталлаа. Хөтөлбөрт тусгасны дагуу иргэд, цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаархи мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх, зэргэлдээ айл хөрш, орчныхоо аюулгүй байдалд санаа тавих, иргэд бие биедээ зүй ёсны шаардлага тавих юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, сууц өмчлөгчдийн холбоодын хүч дэмжлэгийг авах, нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг улам бүр нэмэгдүүлэх, гэр, орон сууцанд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.
Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчид Амьдрах ухаан сургалт, үйлдвэрлэлийн тусгай төвийн нэрийг Нийгмийн хамгааллын тусгай төв болгон өөрчлөх шийдвэр гаргалаа. Мөн Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тэмдэглэх зөвшөөрөл олголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.