Монгол Улс жуулчдыг ялгаварлан гадуурхдаг

Бид жилд нэг сая жуулчин хүлээн авах мөрөөдөлтэйгөө нэлээд удаж байна. Жил бүр гаргадаг дүнгээр манайд ирж жуулчилдаг хүмүүсийн тоо 400 мянгаас нэг их давдаггүй. Гэтэл аль болох олон хүн авчрах төрийн бодлоготой гэх мөртлөө жуулчдыг ад үзсэн шийдвэрүүдийг өнөөх төр нь гаргасаар суух юм. Наадмын тасалбарыг ирэх даваа гаригаас худалдахаар болжээ. Нээлтийн тасалбар монгол хүнд 24 мянган төгрөг, гадаад хүнд 25 ам.доллар гэнэ. Монголчууд бид өдгөө дэлхийгээр нэг таран амьдарч байгаа. Гэтэл гаднын аль ч улсад ямар нэг үзвэр, үйлчилгээний төлбөр авахдаа “ Монгол хүн юм чинь хоёр дахин ихийг төл” гэдэггүй билээ.

 

Энэ мэт ядуу сэтгэлгээний уршгаас болж Монголд жуулчлах хүсэлтэй гадныхны тоо өсдөггүй хэрэг. Хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс хэмээн цээжээ “нүддэг” Монгол Улсын төр ингэж л гаднын орны хүнийг ялгаварлан гадуурхаж байна. Нөгөө талаараа энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх бараа, үйлчилгээний төлбөрийг төгрөгөөр хийх хууль уг нь бий. Гэтэл баталсан хуулиа төр нь өөрөө үгүйсгэж жуулчдаасаа ам.доллар нэхээд байж болохгүй билээ.

Зууны мэдээ

Ө.Батхүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button