Цагаан ордонд сельфи хийж болно
АНУ-ын энгийн иргэд Цагаан ордоныг үзэж сонирхох аяллынхаа үеэр зургаа авахуулж, бичлэг хийх хориотой байдаг. Энэ хууль дүрэм 40 гаруй жил үйлчилж иржээ. Тэгвэл эдүгээ 40 жилийн дараа сельфи хийх дуртай иргэд АНУ-ын Ерөнхийлөгчийн ордоноор аялахдаа ухаалаг утсаараа чөлөөтэй зураг дарж, сельфи хийх боломж бүрджээ. Энэ тухай АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама мэдэгдсэн байна. Тэрбээр тус журмыг бичсэн цаасыг урж буй бичлэгээ өнгөрөгч лхагва гарагт өөрийн инстаграмм хуудаснаа байршуулж, олон нийтэд дэлгэжээ. Ингэснээр цагаан ордонд зочилсон хэнбугай ч зураг даруулан түүнийгээ сошиал медиагаар дамжуулан найз нөхөдтэйгөө хуваалцах боломжтой боллоо.
Гэхдээ видео бичлэг, аппарат зэрэг хориотой хэвээр гэнэ. Улс төрийн өндөр дээд хэмжээний зочдыг хүлээн авч албан ёсны оройн зоогийг барьдаг Цагаан ордоны зоогийн танхимыг үзэж сонирхож явсан нэгэн залуу “Цагаан ордонг анх удаагаа сонирхож байна. Өнөөдөр 30 зураг авлаа. Хэд хэдэн зургаа мөн фэйсбүүк хуудастаа нийтэлчихсэн” хэмээн ярьсан байна. Энэ мэтээр тус хориг цуцлагдсанаас хойш Цагаан ордонд очсон хүн бүр зургаа даруулан сошиал хуудастаа дэлгэсээр байгаа гэнэ.