Тавантолгойн гэрээ цааш явах уу

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, тус ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулагдаад сарын хугацаа өнгөрч буй.

Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан тус ажлын хэсэг дээрх гэрээ, төслүүдийг судалж байгаа ч дүгнэлтээ хараахан гараагүй байна. Учир нь тус гэрээтэй холбоотой зарим бичиг баримтыг саяхан өгсөн юм. Тодруулбал, гэрээний Монгол эхийг, Англи хувилбартай харьцуулан судлах шаардлага зайлшгүй гарсан юм. Тус асуудалд ямар нэгэн зүйл болж, арбитрын шүүхэд очлоо гэхэд англи хувилбарыг гол чиг болгох “барих” учир англи хувилбар зайлшгүй шаардлагатай ажлын хэсгээс хэлж байсан. Тэгвэл англи хувилбарыг Засгийн газраас саяхан өгсөн ч Монгол хувилбартайгаа маш их зөрүүтэй байгааг эх сурвалж хэлж байна.

Тодруулбал, одоогийн байдлаар англи эх хувилбар,монгол эхээсээ зөрүүтэй 10 гаруй хуудас ялгааг ажлын хэсэг олоод байгаа юм байна. Иймээс дахиад хэд хоног судалж, ажиллах шаардлагатай байгаа аж. Үүнээс гадна гэрээ англи хэл дээр боловсруулагдахаас гадна англиас монгол хэл рүү орчуулагдсан ч уг орчуулгыг хэн боловсруулсан, хэн орчуулсан талаар ямар ч албан ёсны мэдээлэл байхгүй байгаа аж. Уул нь иймэрхүү чухал гэрээ Гадаад хэргийн яам дээр албан ёсоор орчуулагдах ёстой байдаг. Гэтэл энэ талаар тус яам нь ч мэдэхгүй тоймтой хариу өгөхгүй байгаа юм  байна. 

Үүнээс гадна Засгийн газраас ажлын хэсэгт 2014 оны Засгийн газрын 268-р тогтоол буюу хэлэлцсэн хурлын протоколыг ирүүлээгүй байна. Энэ тогтоолоор Таван толгойн орд газрыг ашиглах сонгон шалгаруулалтын 7 шалгуурыг тогтоосон байдаг. Тэгэхээр тэрхүү тогтоол ажлын хэсэгт яах аргагүй хэрэгтэй чухал баримтуудын нэг мөн.

Тавантолгойн гэрээнд тусгагдсан ноцтой заалтууд юу байв

Тус гэрээ өөрөө Монгол Улсын хууль дүрмийг зөрчсөн гэдгийг ажлын хэсгээс байгуулагдсан цагаасаа хойш хэлж буй. 

Тавантолгойн гэрээ нь өөрөө маш олон хууль тогтоомжийг зөрчсөн. УИХ-ын тогтоолууд, ЗГ-ын тогтоолууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Ашигт малтмалын тухай хуулийн заалтууд, Тээврийн тухай хууль зөрчсөн. Энэхүү гэрээгээр Эрдэнэс Тавантолгой нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх эрх болон газар эзэмших эрхээ “Энержи ресурс”-т 30+30 жилээр шилжүүлэхээр заасан. Энэ нь Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэгтэй холбоотой заалтуудыг бүхэлд нь зөрчсөн.

Мөн газар эзэмших эрхээ Энержи ресурст үнэ төлбөргүй шилжүүлж байгаа нь Газрын тухай хуулийн “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж газар ашиглагч байж болно”гэсэн заалтыг зөрчиж буй. Гэрээний заалтаар “Энержи ресурс”-т нь Цанхийн талбайгаас олборлосон нүүрсийг өмчлөх эрхтэй байхаар заажээ. Үндсэн хуулиар “газрын хэвлий түүний баялаг нь төрийн өмч” гэж заасан ба Ашигт малтмалын тухай хуулиар төр байгалийн баялгийг өмчлөх эрхийг шилжүүлэх эрхгүй бөгөөд зөвхөн ашиглах эрхийг тусгай зөвшөөрлөөр дамжуулан олгож байна. Гэрээний дагуу олгогдсон эрх, ашиг сонирхол, үр ашгаа “Энержи ресурс” нь  Хөрөнгө оруулагчид эсхүл Санхүүжүүлэгчид барьцаалах замаар шилжүүлэх эрхтэй. Хөрөнгө оруулагчид нь Люксембургийн ММС ба Шенхуа Чайна, Санхүүжүүлэгчид нь “Энержи ресурс”-т зээл олгож байгаа гадаадын зээлийн агентлагууд, хөгжлийн банкууд, арилжааны банкууд, олон улсын хөрөнгө оруулагч нар юм.  Хэрэв ашиггүй ажиллаад барьцаагаа алдах тохиолдолд дээрх хөрөнгө оруулагч болон санхүүжүүлэгчдэд Тавантолгойгоо алдах аюултайг эдийн засагчид ч дуу нэгтэй хэлж буй. 

Иймээс Тавантолгойн эл гэрээ цааш явах уу гэдэг ихэд эргэлзээтэй болоод байна.  Англи, Монгол аль аль хувилбар нь тун эргэлзээтэй байдалд байна. Иймээс Монгол улсын маш олон хууль дүрмийг зөрчсөн гэрээг УИХ-д оруулж хэлэлцүүлнэ гэдэг өөрөө хууль бус болохыг Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг хэлж байна. 

Иймээс ажлын хэсэг УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж байгаа гэх мэдээлэл байна. Тэрхүү тогтоолын төслийг дээрх гэрээг сайжруулах “тусламж” гээд ойлгоход буруудахгүй болов уу. Учир нь тэр тогтоолын төслөөр цаашид Тавантолгой ордыг ашиглахад ямар зарчим баримтлах вэ гэдгийг тодорхой зааж өгөх ажээ. 

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button