Бурхан Халдун уулыг дэлхийн өвд бүртгэлээ
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган ХБНГУ-ын Бонн хотноо хуралдаж байна. Тус хорооны энэ сарын 4-ний хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг" номинацийг гишүүн орнууд хэлэлцэж улмаар Дэлхийн өвд бүртгэх шийдвэрийг санал нэгтэйгээр батлан гаргажээ.
Үүнээс өмнө Гадаад хэргийн сайд, ЮНЕСКО- гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Пүрэвсүрэн, ХБНГУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Францад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан нар болон БОНХАЖЯ-ныхан 10 хоногийн өмнөөс энэ асуудлыг хөөцөлдөж эхэлсэн юм.
ЮНЕСКО- гийн Дэлхийн өвийн хорооны хуралдаанаар Дэлхийн өвийн хорооны 21 гишүүн орноос 17 улс дэмжжээ. ЮНЕСКО-д өвөө бүртгүүлнэ гэдэг амар ажил биш билээ. Харин ЮНЕСКО-д өвөө бүртгүүлснээр хөрөнгө оруулалт орж ирээд зогсохгүй тухайн өвөөр дамжуулан Монгол Улс дэлхийд улам танигдаж, нэг ёсны манай улсын сурталчилгааны бас нэгэн хуудас болж байгаа давуу тал бүрдэх юм.
Д.Бат