Хөвсгөлийн жишгийг Тэрэлжид нэвтрүүлье

Хөвсгөл аймгийн Хатгал сум, Далай ээж рүү хувийн машинтайгаа аяллаар явсан хүн бүхэн миний бичих гэсэн асуудлыг мэдэх нь тодорхой. Хажууханд 70 км-ын цаана байгаа Тэрэлжийн амралт зугаалгын бүсэд аялж үзсэн хүмүүс ч нээрээ тэгмээр юм байна гэж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Ямар санааг энэхүү жижиг бичвэрээрээ хөндөхийг хүссэнээ уншигч танд одоохон тайлбарлая. Хөвсгөл аймгийн Хатгал сум бол аялал жуулчлалын онцгой бүс. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ нутагт аялал жуулчлалыг төгс утгаар нь хөгжүүлэхийн тулд олон жил шаардагдсан. Одоо ч төгс хөгжиж чадаагүй л байгаа.

 

Тэд байгалиа хэрхэн онгон дагшнаар нь авч үлдэх, цаашлаад Монгол Улсын цэвэр усны том нөөц болсон Хөвсгөл далайг хэрхэн цэвэр байлгах вэ гэдэгт сэтгэлээ чилээж, эх нутгаа гэсэн чин сэтгэлтэй, байгалиа хайрлан хамгаалдаг хүмүүс олон, олон санаачилга гаргасан. Далайн усыг бохирдуулж байгаа хамгийн том шалтгаан болсон далайд унасан машиныг татаж гаргах ажлыг ч гадны санхүүжилтээр хийлгэж байгаа. Үүнээс гадна өдөрт хэдэн зуугаараа цувж байгаа жуулчдын хог хаягдал бол юу юунаас илүүтэй далай ээжийн амийг таслах экологийн нэг том дайсан билээ.

…Мөнгө хураагчид нь ч гэсэн та заавал хогтойгоо буцаж ирээрэй. Тэр харагдаж байгаа хогийн нэгдсэн цэг дээр тавиарай. Хэрвээ хогтойгоо эргэж ирэхгүй бол торгодог юм шүү гэдгийг маш хатуу сануулна…

 

Тэгвэл Хатгал тосгоны байгаль хамгаалагчид энэ асуудлыг шийдэхийн тулд жижигхэн мэт харагдавч тун үр дүнтэй ажил хийх болсон байна. Тодруулбал, Хатгал тосгон руу орох далай ээжийн босго дээр замын постод нэг хүний 300 төгрөг тушаадаг. Аль ч байгалийн цогцолборт газарт энэ мөнгийг хураадаг гэдгийг уншигч та мэднэ. Тэгвэл Хатгал тосгоны пост 300 төгрөг хураахаас гадна машин бүрт маш том хэмжээтэй хогийн уут өгдөг юм билээ. Мөн 300 төгрөгийн тасалбарын санамж хэсэгт хэрвээ та байгалийн цогцолборт газраар аялж зугаалчихаад хогтойгоо буцаж ирэхгүй бол 100 мянга ба түүнээс дээш мөнгөөр торгоно гэж тодоос тод бичээд өгчихсөн. Мөнгө хураагчид нь ч гэсэн та заавал хогтойгоо буцаж ирээрэй. Тэр харагдаж байгаа хогийн нэгдсэн цэг дээр тавиарай. Хэрвээ хогтойгоо эргэж ирэхгүй бол торгодог юм шүү гэдгийг маш хатуу сануулна.

 

Цаашаа яваад аялагчид нь хаа дуртай газраа майхан зоогоод амарна гэсэн ойлголт байхгүй. Тус сумын байгаль хамгаалагчид майхан барьж буудаллаж болох отог буудлыг зааж өгөхөөс гадна галын наадам хийх зөвшөөрөл олгоно. Хэрвээ зөвшөөрөлгүй газар бууж, майхан барьж отоглоод галын наадам хийж, хорхог, боодог хийсэн бол та мөн л зохих ёсны торгууль төлөхөөс өөр аргагүй. Ингэж тэмцсэний хүчинд Хөвсгөл далай хүний буруутай үйлдлийн золиос болж, талхлагдахгүй үлдэхийг хичээж байна. Иргэд ч хогоо өнөөх том уутандаа хийгээд гаргаж ирдэг, галын наадам хийхдээ тусгайлан зассан отог дээр очиж хийх зэргээр байгаль эх дэлхийн төлөө багахан ч гэсэн сэтгэл гаргаж чаддаг юм билээ.

 

Тиймээс Хөвсгөлийн туршлагыг байгалийн цогцолборт газрууд болох Тэрэлж, Гацуурт зэрэг амралт аялал жуулчлалын бүсүүдэд нэвтрүүлэхийг холбогдох албаныханд уриалах гээд байна. Амралт, аялал жуулчлалын бүс гэдэг шалтгаанаар Хатан Туулыг бохирдуулж байгаа Тэрэлж орчмын амралтын газрууд ч энэ туршлагаас суралцахад гэмгүй билээ. Тэрэлжийн амралтын бүс рүү ороход ч замын пост дээр нэг хүн бүрээс 300 төгрөг авдаг. Тэгвэл энэ авч байгаа мөнгөөрөө хогийн савны асуудлаа шийдэж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс та майхан саваа бариад амарч зугаалж байгаа бол энэ уутанд хогоо хийгээд ирээрэй. Эс тэгвээс байгаль хамгаалагчид торгоно шүү гэдгийг нь сануулаад хоёр хогийн уут өгөөд явуулахад болохгүй гэх газаргүй.

 

Сэлэнгийн Сайханы хөтөл, Дарьгангын Алтан-Овоо гэх мэтээр аялал жуулчлалын олон арван дурсгалыг үзүүлэхдээ хогийн уут өгдөг, хогоо эргэж гарахдаа үүдэнд нь тавиад явдаг байдлыг журмаар ч болов шийдэх нь жижиг мэт боловч том асуудлыг шийдэх нэг гарц болох билээ. Бага гэж харалгүйгээр шат шатаар өөрчлөлт хийж байж л бид том өөрчлөлтийг авчрах юм. Тиймээс Тэрэлжийн амралтын бүсэд энэ туршлагыг нэвтрүүлэхийг хүсмээр байна.

 

Амралт,аялал жуулчлалын цаг эхэлсэн учраас амралтын өдрүүдэд Туулын эрэг тэр чигээрээ л хүнтэй байгаа. Тэр дундаа Тэрэлжээс цааших Туулын модонд хэд хэдэн машинтай майхан саваа барьсан иргэд ёстой л дунд чөмгөөрөө жиргэж байна. Боловсон жорлон байхгүйгээс хаа таарсан газраа бие засч, гал түлән хорхог боодог хийх зэргээр эзэнгүй өмчид эрх дураараа наргиж байгааг Туул голын сав газрын захиргаа, холбогдох яам, дүүргийн байгаль хамгаалагчид анхаарч байгаа гэж найдья.

Монголын мэдээ

Б.Тогтох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button