Гадаад паспортыг шинээр авах бол цагийг нь тулгалгүй захиалах хэрэгтэй

Урин дулаан болж, монголчуудын аялал зугаалгын улирал эхэлж, тэр хэрээрээ гадаад паспортын захиалга их ирж байгаа гэнэ. Тиймээс холбогдох ажилтнууд нь уртасгасан цагаар ажиллаж, иргэдийн паспортыг хурдан хугацаанд гаргахаар ажиллаж байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэгээс гадаад паспортын хэвлэлт, захиалгын ажил ямар байгааг тодрууллаа.

-Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан гадаад паспортын захиалга их байгаа гэсэн. Гэтэл өнгөрсөн сард гадаад паспортыг хугацаанд нь хэвлээгүйгээс үүдэн багагүй ачаалал үүсч, үүнтэй холбогдуулан иргэдийн бухимдал нэлээд ихэссэн. Өнөөдрийн байдлаар гадаад паспортын хэвлэлт, захиалгын ажил хэвийн явагдаж байна уу?

-Гадаад паспортын үйлчилгээний ачаалал жил бүрийн 6-9 дүгээр саруудад нэмэгддэг. Энэ нь иргэдийн аялал жуулчлал, амралтын улирал эхэлсэнтэй холбоотой юм. Энэ жилийн тухайд нэгдүгээрт, ОХУ руу манай улсын иргэд визгүй зорчих болсон, хоёрдугаарт, БНСУ руу ажиллах хүчний бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор ачаалал эрс ихэссэн. Иймээс өнгөрсөн тавдугаар сард үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор гадаад паспортын яаралтай хэвлэлтийг түр хугацаанд зогсоогоод байсан юм.

-ОХУ руу манай улсын иргэд визгүй зорчиж эхэлсэн. Гэтэл хуучин гадаад паспорттой иргэдийг хил давуулахгүй буцааж байгаа гэх мэдээлэл гарах болсон. Энэ талаар тодруулахгүй юу?

-2006 оноос өмнөх гадаад паспорттай иргэдийг ОХУ-ын хилээр нэвтрүүлэхгүй байна гэх гомдол, шүүмжлэл иргэдийн дунд байсан. Тэгвэл саяхан ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт Монгол Улсын иргэдийг албан ёсны сунгалт хийлгэсэн, хүчин төгөлдөр хуучин загварын гадаад паспортаар ОХУ-ын нутаг дэвсгэрт зорчиж болох талаар мэдэгдсэн. Тиймээс 2006 оноос өмнө олгогдсон гадаад паспорттай иргэд ОХУ-ыг зориход саадгүй болсон.

-Энэ зун гадаад паспортыг яаралтайгаар гаргахгүй гэх мэдээлэл гараад байгаа. Тэгэхээр яаралтайгаар гадаад паспорт захиалах боломжгүй гэсэн үг үү?

-Үйлчилгээний ачааллын улмаас гадаад паспорт яаралтайгаар гаргах үйлчилгээг түр хугацаанд зогсоогоод байсан. Харин өнөөдрийн байдлаар яаралтай үйлчилгээг хэвийн авч байна. Шинээр авах гадаад паспортын яаралтай үйлчилгээг ажлын гурав хоногт олгож байгаа бол энгийн үйлчилгээг ажлын 10 хоногт олгож байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд эртнээс гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгаж, шинээр авах бол цагийг нь тулгалгүй захиалахыг зөвлөж байна.

Монголын мэдээ

Э.Туул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button