“Газрын тосны тухай хууль”-д ямар өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгав

Өнгөрөгч долоо хоногт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт өргөн бариад байгаа билээ.

Өөрөөр хэлбэл, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэгдэн батлагдаж байсан. Үүнээс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрөөд байх энэ үед Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдлаа . Уг хуулиар газрын тосны салбар дахь төрийн байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, нөөц ашигласны төлбөр (роялти)-ийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгон зохицуулсан байдаг. Тус хуулиар хуулийн этгээд нь төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг гүйцэтгэх бөгөөд уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг гүйцэтгэх явцад хуулийн тодорхой бус зохицуулалтын улмаас  зарим  асуудлуудыг үүсгэж байгаа ажээ.

Тодруулбал, 

Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Шатдаг занарын эрлийн үед өрөмдлөг хийж болно.” гэж заасан боловч бусад уламжлалт бус газрын тос (байгалийн битум, тослог элс, хийтэй элс, нүүрсний давхаргын метан хий)-ны эрлийн үед өрөмдлөг хийж болох эсэхийг зохицуулалгүй орхигдуулсан байна. Эрлийн ажил гүйцэтгэхэд тандан судалгаа буюу хүндийн хүчний, соронзон болон чичирхийллийн судалгааны ажлыг хийдэг боловч эдгээр аргууд нь газрын тосны нөөцийн хэтийн төлвийг тогтооход шаардлагатай мэдээллийг өгдөггүй аж. 

Мөн Газрын тосны тухай хуульд хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг батлуулах үүргээ биелүүлээгүй гэрээлэгчид 44 дүгээр зүйлийн 44.1.16-д зааснаар хариуцлага тооцохоор хуульчилсан боловч ишлэлийг буруу заасан, төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуул, ашиглалттай холбогдсон анхдагч болон үр дүнгийн тайлан, материалыг гуравдагч этгээдэд дамжуулсан гэрээлэгчид хүлээлгэх хариуцлагыг 2 заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдаа гарсан байна. 

Иймд уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болох эрх зүйн орчин тодорхой бус байгааг тодорхой болгож, гэрээлэгч үүргээ зөрчсөн тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг 2 заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдааг засаж хуулийн төслийг боловсруулсан ажээ. 

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт санхүүжилт гарахгүй юм. 

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн  мэдүүлэхээр шийдвэрлэжээ. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button