Жүдочид эх орныхоо дэвжээн дээр илүүрхлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Чингис хаан” гран при тэмцээн долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” ордонд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Олон улсын А зэрэглэлийн энэхүү тэмцээнд олимпийн эрхийн оноо олгодог юм. Энэ ч үүднээс олимпийн өмнөх жилийн энэхүү тэмцээнд дэлхийн олон орны тив, дэлхийн медальтай шилдэг жүдочид ирж өрсөлдлөө.
Нийт 36 орны 200 гаруй тамирчин ирж оролцсон бөгөөд олимпийн аварга дөрвөн бөх ирж зодоглолоо. Мөн манай тамирчид зохион байгуулагч орны давуу эрх эдлэн эрэгтэй, эмэгтэй тус бүр 28 бөх оролцсон юм. Энэ нь манай жүдочдод олимпийн оноо цуглуулах том боломж байсан бөгөөд тамирчид энэ боломжоо ашиглаж чадлаа.
Тодруулбал Монголын шигшээ баг “Чингис хаан” гран при тэмцээнийг багийн дүнгээр тэргүүллээ. Манайхан нийт таван алт, гурван мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн. Манай багийн араас Японы шигшээ баг гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар хоёрдугаар байрт жагслаа.
olloo.mn