Сонгуулийн үед л хүн гүтгэвэл ял эдэлдэг байхаар оруулж ирж байгаа нь ёс зүйд нийцэхгүй
УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Засгийн газрын бүтцийн талаар ямар нэг мэдээлэлгүй байгааг дуулгав.
Харин “Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулийгн талаар ярихдаа "эдгээр хуулийн төслүүдийг хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэв . Учир нь Эрүүгийн хуулийн алдаатай зүйл заалтаас болоод жирийн залуучууд шоронд орох нь маш их болсон. Гэнэн томоогүйгээсээ болоод шоронд орсон, анх удаа ял эдэлж байгаа мөн улс төрийн хилс хэргээр ял эдэлж байгаа иргэдэд өршөөл үзүүлэх нь хэрэгтэй гэв.
Мөн бие даагчид Эрүүгийн хуулийн зарим заалтыг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Засаг төрийн эсрэг үг хэлсэн, жагсаал хийсэн, эрх мэдэлтэнт гар хүрсэн бол шууд ял авдаг байхаар хуулинд тусгасан. Энэ нь төрийн эрх мэдэлд луйвраар хүрчихээд өөрсдийгөө хамгаалсан заалт оруулж ирсэн байна. Тухайлбал, “Хуулийн этгээд ял хүлээнэ” гэж оруулж ирсэн. Үүгээрээ компани дээр эрүү үүсгэдэг эсвэл иргэнд ял оноодог заалт тусгасан нь ял завших боломжийг олгож байна. Хүн гүтгэхийг 2 сая төгрөг болгож бууруулсан. Хууль ингэж гарвал хүн гүтгэх юу ч биш болно. Зөвхөн сонгуулийн үед хүн гүтгэвэл ял эдэлдэг байхаар оруулж ирж байгаа нь ёс зүйд нийцэхгүй юм. Одоогийн хувилбараар хууль батлагдвал жирийн иргэн ял эдэлж, мөнгөтэй төгрөгтэй нь ялаас мултардаг байхаар зохицуулж болохоор байна. НӨАТ-ын хууль орж ирсэн. Үүнийг хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг гарч хуулиа орчин цагтайгаа нийцүүлсэн байдлаар гаргах ёстой” гэлээ.