“Захиргааны ерөнхий хуультай болсоноор “захиргаа” гэдэг ойлголтод нэгдсэн нэг зам гаргалаа”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Захиргааны ерөнхий хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэн батлуулахад оролцсон ажлын хэсгийн гишүүдийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр хүлээн авч уулзан талархал илэрхийлэв.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Захиргааны ерөнхий хуулийн ач холбогдлын талаар хэлэхдээ “Монгол Улс нь Азидаа Захиргааны ерөнхий хуультай болсон хоёр дахь улс болж байна. Энэ хуулийн ач холбогдлыг би 3 хүрээнд харж байна.
Нэгд, Практик дээр хүний амьдралд хэрэглэгдэж байгаа хууль учраас маш том хүрээнд үйлчлэх хууль.
Хоёрт, Шинжлэх ухааны академик түвшиндээ Захиргааны эрх зүй гэдэг ойлголтыг зарим нэг судлаачдын хувьд дэлхий нийтийн дэвшилтэт алхмын хэмжээнд хардаг. Зарим нь хувийн зохиолоороо асуудлыг шийдэх гэж оролддог. Иймээс “захиргаа” гэдэг ойлголт нэгдсэн нэг ойлголтод хүрэхэд төвөгтэй байдал үүсээд байсан. Захиргааны ерөнхий хуультай болсноор энэ ойлголтод нэгдсэн нэг зам гаргаж байна.
Гуравт, Шинээр боловсон хүчин бэлтгэх сургалтын арга барилд чухал ач холбогдолтой. Сургалт, шинжлэх ухаан, практик гэдэг 3 гол хүрээнд маш том дэвшил авчирлаа. Одоо багш нар нэн даруй сурах бичгээ бичих хэрэгтэй. Шинжлэх ухааны тайлбараа гаргах хэрэгтэй. Нэн даруй хуульчдад гарын авлага бэлтгэх хэрэгтэй” гэлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ажлын хэсгийн гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр бүтээсэн Монгол Улсын эх түүхийн 7 боть номыг гардуулан өгч, ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.
President.mn